Хүрээлэн буй орчны талаарх илтгэлүүдийг танилцуулж, санал бодлоо солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-11-29 16:50:18

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, Эрасмус-Такми” төслөөс өнөөдөр МУИС-д "Хүрээлэн буй орчин-2023" эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.


Уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлээс хамаарч манай улсад хүрээлэн буй орчны бохирдол, доройтол сүүлийн жилд нэмэгдэж байна. Ийм үед эрдэмтэн, мэргэжилтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлууд, тэдгээрийн ололт амжилт, шийдлүүд улс орны нийгмийн тогтвортой хөгжилд чухал байгааг өнөөдрийн хурлаар танилцуулж, эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцож байгааг зохион байгуулагч нар хэллээ.


Хүрээлэн буй орчин, инженерчлэлийн чиглэлээр сургалт явуулж буй их, дээд сургуулиудын эрдэмтэн, багш, оюутнууд оролцсон уг хурал “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, агаарын бохирдолд анхаарах”, “Усны болон хөрсний чанар, бохирдол, доройтол, хог хаягдал”, “Цэвэр технологиийн хөгжүүлэлт” зэрэг олон сэдвээр боллоо.


“Хүрээлэн буй орчин-2023” эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн, багш, оюутнууд илтгэл тавин хэлэлцүүлж танилцуулав. Мөн инженер технологи, шинжлэх ухааны чиглэлээр магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдааныг зохион байгуулсан юм.


Жишээ нь, Ц.Үржинлхам, Т.Алтанзаяа, Д.Өсөхжаргал, Ш.Оюунгэрэл нарын багш, оюутнууд шилжүүлсэн болон үрээр тарьж ургуулсан орос махирс гэх ургамлын ганд тэсвэртэй байдлыг харьцуулан судалснаа “Хүрээлэн буй орчин-2023” эрдэм шинжилгээний хурлаар танилцууллаа. Уг ургамал нь манай орны Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог болох Орог нуур, Говь-Алтайн өвөр говийн бүсэд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Увс аймгийн нийт 15 сумын нутагт ургадаг байна.


Эрасмус плас” хөтөлбөр болон “Такми” төслийг Европын холбооноос дээд боловсролыг дэмжих чиглэлээр манай улсад хэрэгжүүлж байна.


Related news