Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-30 21:41:41
@ShoovdorBatbold

Дубай, АНЭУ, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурал /COP28/ өнөөдөр эхэллээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний тус уулзалтад энэ жил 140 гаруй орны удирдагчид оролцож байгаа юм. Энэ жилийн COP28-ыг зохион байгуулж буй даргалагч АНЭУ нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэйг онцоллоо. Мөн уламжлалт түлшнээс шат дараатайгаар татгалзах нь гарцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нүүрсхүчлийн хийг агаарт дэгдээхгүйгээр хуримтлуулах, хадгалах, ашиглахад чиглэсэн орчин үеийн технологиудыг чухалчлах ёстой гэдгийг хэллээ. Газрын тос олборлогч бусад томоохон орнуудын дэмжлэгийг хүлээж буй энэхүү үзэл баримтлал нь дэлхийн дулааралтай тэмцэхэд гол нөлөө үзүүлнэ гэж үзжээ. 


Арванхоёрдугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү бага хурлын үеэр дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нар, томоохон бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач, шинжээч, сэтгүүлчид зэрэг 70 мянга гаруй хүн Дубай хотод цуглаад байгаа юм. Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэх явцад гарсан ахиц дэвшилд дүн шинжилгээ хийхэд чиглэж байна.


Парисын хэлэлцээр бол "Киотогийн протокол"-ын дараах дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хууль ёсны хоёр дахь гол хэлэлцээр юм. Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 12-нд Францын нийслэл Парис хотноо болсон COP21 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 21 дэх удаагийн чуулганаар 196 орон баталж, 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон. 2023 оны хоёрдугаар сарын байдлаар дэлхийн 195 орон Парисын хэлэлцээрт нэгдэн ороод байна. 


Парисын хэлэлцээрийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байх, улмаар 1.5 хэмд барьж хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой баримт бичиг билээ. 


Энэхүү хэлэлцээрийн дагуу дэлхий даяар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулж, 2050 он гэхэд ялгарлыг тэг /0/ болгох ёстой. Үүний тулд улс орнууд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж буй гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулахаар тохиролцсон бөгөөд үүнтэй холбоотой тус бүрийн хүчин чармайлтыг хэрэгжүүлж эхлээд буй юм. Хэлэлцээрийн дагуу талууд үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийг шинэчлэн тодорхойлж, цаашид таван жил тутамд зорилтыг ахиулан тодорхойлж, хэрэгжилтийг тайлагнах үүрэгтэй. 


Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталжээ. 


Энэ удаагийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлнэ.



















Т.Энхтуяа

Б.Чадраабал

АНЭУ, Дубай хот

Related news