П.Мягмардорж: Тунхгийн шинжтэй уриалга, зөвлөмжүүдээс татгалзаж, бодит шийдлүүдийг олъё хэмээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2023-12-01 10:48:36

Дубай, АНЭУ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурал /COP28/ 11 дүгээр сарын 30-нд эхэллээ.


2023 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэл үргэлжлэх энэхүү хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Хурлын үеэр Монгол Улсаас оролцож буй олон улс судлаач П.Мягмардоржтой уулзаж, энэ удаагийн хурлын онцлог, хэлэлцэж буй асуудлуудын талаар тодрууллаа. Тэрбээр "Энэ жилийн талуудын 28 дугаар бага хурлын онцлог юунд оршиж байна вэ, өнгөрсөн хурлуудаас юугаараа ялгаатай вэ гэхээр нэгдүгээрт, энэ жил НҮБ-аас дэлхийн дулаарлын уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том үзэгдэл буюу асар хүчтэй дулаарал энэ оны долоодугаар сард боллоо гэдгийг онцолж байна. Мөн их хэмжээний үер усны аюул дэлхий даяар болсон байна. Дээр нь НҮБ-ын аравдугаар сард гаргасан тайлангаас харахад, 2022 онд нүүрсхүчлийн хэмжээ дэлхийн рекордыг эвджээ. Энэ бүхнээс үүдээд тунхгийн шинжтэй уриалга, зөвлөмжүүдээс татгалзаж, бодит шийдлүүдийг олъё хэмээн талууд уриалж байна. Тухайлбал, өмнө байгуулсан Ногоон уур амьсгалын сан, Дасан зохицох сан, Алдагдал ба хохирлын сан зэрэг санг хэн хариуцах, үйл ажиллагаа нь хэрхэн явах нь ойлгомжгүй байгаа юм. Тиймээс тэдгээр сантай холбоотой асуудлыг тодорхой болгож, тэгснээр аль улс хэдий хэмжээний мөнгө санхүү оруулах вэ, түүнийгээ ямар орнуудад хэдий хэмжээгээр ямар шаардлагын хүрээнд тараах вэ гэдэг тал дээр шийдэл олох явдал чухал байна хэмээн оролцогчид ярьж байна.


Хоёрдугаарт, олон талын хамтын ажиллагааг идэвхжүүлье гэдэг асуудал энэ удаагийн хурлын гол яриа хэлэлцээний нэг болж байна. Зөвхөн Засгийн газрын, эсвэл олон улсын энэ чиглэлийн байгууллагын түвшинд тодорхой амжилт олохгүй юм байна гэдгийг ярьж байна. Тиймээс хамтын ажиллагааг улам идэвхжүүлье гэж байна.


Гуравдугаарт, дэлхийн дулаарлыг цогцоор нь шийднэ гэхэд төвөгтэй болчихлоо гэдгийг хэлж байна. Тайлан харж байхад, дэлхийн дулаарлыг 2030 он гэхэд 1.5 хэмээс доош барина гэсэн зорилтод 2027 онд хүрчих юм байна. Үүнийг дагаад хүссэн хүсээгүй өөрчлөлтүүд гарна. Тэр өөрчлөлтийн үед хэрхэн амьдрах вэ, эдийн засгаа хааш нь чиглүүлэх вэ, ялангуяа хүнсний хангамж, ундны усны аюулгүй байдалд онцгойлон анхаарах шаардлагатай байна гэдэг асуудлыг энэ удаагийн хурлаар хөндөж байна" гэв.






Т.Энхтуяа

Б.Чадраабал

АНЭУ, Дубай хот

Related news