ХЭНТИЙ: Өмнөдэлгэр сум шинэ сургуультай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-14 11:28:33

Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил дуусч улсын Комисс хүлээн авлаа.


Тус сургууль 1100 гаруй хүүхэд, 86 багш ажилтантай. Өмнөх хичээлийн байр чанарын шаардлага хангахгүй, анги танхимын хүртээмж муу зэрэг асуудлаас болж олон жил өглөөний долоон цагаас оройн 21 цаг хүртэл зай завсаргүй, сургалт хүмүүжлийн ажил үргэлжилдэг байжээ. Тэгвэл шинэ сургууль баригдсанаар хүүхдийн сурах, хөгжих орчин шаардлага хангадаггүй байдал ийнхүү дуусгавар болсон байна.


2020 оны долдугаар сард анх шаваа тавьж байсан тус барилгыг "Өндөр баганат" ХХК-ийн мэргэжлийн хамт олон бүтээн байгуулжээ.

Сургуулийн захирал А.Энхбаатар хэлэхдээ "Өмнөдэлгэрийн сургуультай ажил амьдралынхаа гарааг холбосоор хэдийнээ 36 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн амжилт, алдсан алдаа цаг хугацаагаар шүүгдэх байх. Гэхдээ хүсч мөрөөдөж байсан зорилго маань биелж байгаад баяртай байна. Бид хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхнийхээ, сэтгэл санаанд нийцсэн боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх болно гэдгийг зоригтой амалж чадахаар боллоо. Улсын комиссын дүгнэлтийн дараа бид холбогдох газруудад хандаж, шинэ сургуулийнхаа тавилга, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийх болно. Мөн шинэ сургуулийнхаа орчныг тохижуулж, хүүхдийн сурч хөгжих улам таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг энэ сургуультай холбоотой сайн санаат хүмүүс та бүхэнд уриалж байна" гэлээ.
Related news