Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-15 15:59:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Харилцаа холбооны сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон нийтийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн хязгаарлалт тогтоохыг хориглох талаар “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу олон нийтээр хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэгт ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажлын хэсгээс боловсруулж буй Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар илтгэл, танилцууллаа.


Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх эрх зүйн орчин бий болгох, нэр томъёотой холбоотой өөрчлөлтийг нэмж тусган, хуулийн зарим нэр томъёог өөрчлөх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, дугаартайгаа шилжих үйлчилгээний талаарх зохицуулалтыг хүчингүй болгох, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэх, харилцаа холбооны дэд бүтцийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, зарим зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготойг харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид дэмжиж буйгаа илэрхийлжээ.


Мөн “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын Фм, радиогийн холбоо, Ондо ХХК, Скайтел ХХК, Датаком ХХК нарын төлөөллүүд саналаа илэрхийлснийг ЦХХХЯ мэдээлэв. 

Related news