Торонто хотноо болох эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-13 14:17:10

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын арван /МОНЦАМЭ/. УУХҮЯ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, салбарын компанийн төлөөллүүд Канадын Торонто хотноо гуравдугаар сарын 3-6-нд болох эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад оролцохоор бэлтгэлээ базааж байна.


Канадын Хайгуулчид ба Хөгжүүлэгчдийн нийгэмлэг(PDAC) нь дэлхий даяар 7 мянга гаруй ашигт малтмалын хайгуул, олборлолтын гишүүн компанийг эгнээндээ нэгтгэн, хариуцлагатай, тогтвортой, ашигт малтмалын салбарыг бий болгох, таниулах зорилгоор тус чуулга уулзалтыг 1932 оноос зохион байгуулж, 1992 оноос олон улсын үйл ажиллагаа болгон өргөжүүлжээ. Өнгөрсөн оны чуулга уулзалтад 125 орны төр, хувийн хэвшил, салбарын 23 мянга гаруй мэргэжилтэн, хөрөнгө оруулагч, 1100 гаруй үзэсгэлэнгийн талбай гарган оролцох үеэр УУХҮЯ, МУУҮА, салбарын компаниуд хамтран Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан, таниулах “Монголын өдөр” үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.


Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог болон манай улсын оролцооны талаар МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.


-Монгол Улс хэзээнээс тус чуулга уулзалтад оролцож эхэлсэн бол, үр өгөөжийнх нь талаар ярина уу?

-Манай улс эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад 2006 оноос оролцож, эндээс санаа авч эх орондоо “Discover Mongolia” чуулга уулзалтыг зохион байгуулаад хориод жил болж байгаа. Мөн олон улс загвар болгож, адил төстэй экспог олон улсад зохион байгуулж ирлээ. Өмнөх жилүүдэд оролцогчийн байр суурьтай байсан бол өнгөрсөн жилээс үзэсгэлэн гаргаж, манай улсад хэрэгжүүлж буй болон хөрөнгө оруулалт шаардлагатай төслийг сурталчлан таниулахаар үзэсгэлэнгийн талбай гаргаж өдөрлөг зохион байгуулсан. Одоо ч энэ ажлаа үргэлжлүүлж, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг төслүүдээрээ дамжуулан хэрхэн тогтвортой үргэлжилж байгааг, мөн хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ танилцуулна.


-Чуулга уулзалтын онцлох сэдэв нь юу байх вэ?

-Бидний хэрэглээ, шаардлагын улмаас чухал ашигт малтмалын талаар шинэ чиг хандлага гарч ирсэн байгаа. Чуулга уулзалтын үеэр чухал ашигт малтмалын чиглэлээр эрэл хайгуулыг эрчимжүүлэх, түүхий эдээ ямар технологиор боловсруулах тухай ярилцах юм. Түүнээс гадна, хөрөнгө оруулагчид янз бүрийн ёс заншил, уламжлалтай үндэстэн, орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа эрсдэлээ байнга тооцоолдог. Олон улсад нийгмийн лиценз авахын тулд янз бүрийн шалгуур үзүүлэлт, стандарт гарч ирсэн. Энэ нь тухайн үйл ажиллагаа хариуцлагатай байж, иргэд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хамтарч ажиллан, үр шимээ хүртээд явахыг хэлж байгаа юм. Олон улсад хөрөнгө оруулж буй компаниуд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийлгэдэг нь эрсдэлээ урьдчилж хараад, хэрхэн бууруулахад чиглэдэг. Бидний хувьд хараахан энэ түвшинд хүрээгүй ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд нутгийн иргэдтэй хамтран шийдвэр гаргаж эхэлж байгаа.

 

-Манай улсаас хэчнээн аж ахуйн нэгж компанийн төлөөлөл оролцох вэ? Өмнөх чуулганд оролцсон үр өгөөж нь юу байв? 

-Жил бүр 20-30 компанийн төлөөлөл оролцдог. Энэ удаад төр, хувийн хэвшлийн компаниуд, төслүүд гээд одоогоор 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар зэхэж байна. Нэг удаагийн чуулгад оролцоод шууд хөрөнгө оруулах бараг боломжгүй зүйл. Манай улсын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн тогтворгүй орчин, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зэрэг шалтгаанаас хөрөнгө оруулах таатай улсын тоонд орохоо больсон. Энэ байдлаа өөрчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар эерэг зүйл хийж байгаагаа таниулна. Гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулчихаад буцаад гарсан бол итгэл нь эргээд сэргэхэд цаг хугацаа ордог юм байна.

Өмнө нь “Discover Mongolia” зохион байгуулсны ачаар геологи хайгуулын ажилд гуравдагч орны хөрөнгө оруулалт нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан он жилүүд бий. Хууль эрх зүйн орчноо 2009 оноос өөрчилснөөр сүүлийн 10 жилд хөрөнгө оруулалт гэх зүйл бараг байсангүй. Гэхдээ “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалт, гүний уурхайн ажил гээд төслийн шууд хөрөнгө оруулалт бол байсан.


-Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ салбарыг хөгжүүлэх юунд анхаарч байгаа вэ, дэвшилттэй зүйл нь юу байна вэ?

-Засгийн газар олборлолтоос боловсруулалт руу шилжих, аж үйлдвэрээ дэмжихэд анхаарч, хууль эрх зүйн шинэчлэл хийж байна. МУУҮА хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхийг зорьж, олон улсын болон Канад, Австралийн сайн туршлагыг суралцаж байна. Хариуцлагатай уул уурхайн зарчмын талаар сүүлийн 30 жилд багагүй ойлголттой болж туршлага хуримтлууллаа. Туршлагатай улсынхтай харьцуулахад манай уул уурхайн салбарын хөгжил маш залуу. Иймд туулаад, засаад сайжруулчихсан арга туршлагаас суралцаж, илүү хурдан хөгжих боломж бий. Уул уурхайн талаар нийгэмд сөрөг сэтгэгдлүүд байдаг. Тухайн үед хариуцлагагүй, туршлагагүй байсныг үгүйсгэхгүй. Цаашид олон улсын стандартад нийцсэн хариуцлагатай байх ёстой юм. Засгийн газраас ч ийм бодлого барьж байгаа. МУУҮА 2018 оноос НҮБХХ-тэй хамтраад хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтүүдийг гаргасан. Хариуцлагатай байснаар үйл ажиллагаа нь тогтворжиж, эдийн засагт сайнаар нөлөөлөх тул хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд зайлшгүй анхаарч, хамтарч ажиллах ёстой.


-Манай улсад хөрөнгө оруулахад таатай орчин бүрдэж буй гол түлхүүр мэдээлэл нь юу байх вэ?

-УУХҮЯ бодлогын мэдээллээ өгөх байх. МУУҮА Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар болон, энэ хуулиа баталснаар хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, шинэчилж байгаагаа танилцуулна. УУХҮЯ-тай хамтраад “Уул уурхайн 7 хоног” үйл ажиллагааг амжилтаай зохион байгуулж, хуулийн танилцуулж, ярилцсан байгаа.


-Хөрөнгө оруулалтын орчин ямар байвал таатай нөхцөл бүрдэж байна гэж ойлгох вэ?

-МУУҮА удирдах түвшний тогтвортой байдлыг хүсдэг. Манай улсад нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа хууль ёсны дагуу тогтвортой байх ёстой. Энэ нь дараагийн хөрөнгө оруулагч орж ирэх итгэл төрүүлж, үүд хаалга нь болдог. Үүнд л анхаарах хэрэгтэй байна даа.


-Шинэ онд хийхээр төлөвлөсөн ажлаасаа дурдвал?

-Хөрөнгө оруулалтыг нэмэх зорилгоор олон улсын чуулга уулзалтад идэвхтэй оролцоно. Хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахад хүлээсэн, азнасан, эргэлзсэн байдалтай байна. Иймд хөрөнгө оруулалтыг татахад дотооддоо ажиллах, бодлогын өөрчлөлт хийснээ ярьж таниулна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаар байна. Орон нутгийн иргэд, удирдлагуудад эрдэс балгийн талаар бүрэн, зөв мэдээлэл өгөх шаардлагатай. Зөвхөн гадаадад хуралд оролцож мэдээлэл өгөх биш, ороод ирсэн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааны талаар оролцогч талуудад зөв мэдээлэл өгөх, хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах шаардлагатай байгаа.

 


Дэлхий даяар уул уурхайн салбарт 13 мянган төсөл голдуу Австрали, Канад, АНУ зэрэг оронд хэрэгжиж, 70 гаруй төрлийн эрдэс олборлодог байна. Манай улс зэс, цайр, алт, газрын тос зэрэг наймар төрлийн эрдсийг дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа. 


Related news