Монгол Улс 20 дугаар зуунд Үндсэн хуулиа 4 удаа хэлэлцэн баталжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-01-13 11:22:18

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталжээ. Энэхүү хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөж буй Үндсэн хуулийг мөн оны буюу 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрджээ. Үүнээс хойш 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:

  • “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн заалт нэмжээ. Энэхүү нэмэлтэд:
  • /Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн бөгөөд уг нэмэлтийг Үндсэн хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн. Мөн хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/ гэж тайлбар зүүсэн байна.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр:

  • "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно" /21.4/. 
  • "Ерөнхий сайд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах" /25.6/. Эдгээрт:
  • /Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөлт оруулсан./ гэсэн тайлбар хийжээ.

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-өөр УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хугацааг тодорхойлсон бөгөөд Ерөнхий сайдад танхимынхаа гишүүдийг томилж чөлөөлөх эрх олгожээ.


Харин 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр :

  • “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно”/21.1/ гэсэн нэмэлт оруулсан юм. 

ҮХНӨ энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  мөрдөгдөж байна. УИХ 126 гишүүнтэй байх нь 1992 онд Үндсэн хууль батлагдаж байх үеийн Монгол Улсын хүн ам 2,050,000 байхад, 27000 иргэнийг нэг гишүүн төлөөлж байсан чадварыг буулгахгүй байх боломжийг хадгалсан үзүүлэлт юм байна. Хүн ам 1992 оноос хойш 65,4 хувиар өсжээ. УИХ-ын гишүүний тоог 126 болгосон нь парламентад нэг гишүүн 26970 иргэнийг төлөөлөх тооцоон дээр суурилан гарч иржээ.


Энэ нэмэлтийн гол цөм нь улс төрийн намууд дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэсэн нь парламентад суудалтай намуудын зөвшилцлийн хүрээнд гарч иржээ. Тэр нь:

  • Улс төрийн намуудын тухай 2023 оны 7 дугаар сарын 7-нд батлагдсан (шинэчилсэн найруулаг) хууль.
  • УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны нэмэлт өөрчлөлтөд бүрэн тусгалаа олсон гэж хэлж болно.

Үндсэн хууль нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэгдсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг” гэж тодорхойлсон байна. Ер нь төрийн эрх мэдэл хуваарилах онолыг бүтээж Үндсэн хуулийн нэг гол зарчим, үзэл баримтлал болгосон явдал нь хүн өөрийнхөө эрх, эрх чөлөөг чөлөөг хамгаалах талаар хийсэн ололт гэж зарим судлаачид онцолсон байх юм. Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталжээ.


Анхдугаар Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Үндсэн хуулийг баталсан байна. Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан байна.


Хоёрдугаар Үндсэн хууль 1940 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталжээ. Энэ хууль 12 бүлэг, 95 зүйлтэй байсан. БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.


Гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан. Энэхүү хууль 10 бүлэг, 94 зүйлтэй байжээ. БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд: “БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй. Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ.” гэж заажээ.


Ер нь АНУ-д Үндсэн хууль анх үүссэн гэж үздэг байх юм. Ийм хуультай болоход тус улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон Александр Гамильтон, Жеймс Мединсон зэрэг хүмүүс түүхэн гавьяа байгуулсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Тэр үед 13 Муж улс нэгдэн АНУ-г байгуулсан гэнэ. Филадельфий муж улсын Мужийн захиргааны Ордонд 9 муж улсыг төлөөлсөн 29 төлөөлөгч 1787 оны 5 сарын 27-нд цугларан 18 өдөр хуралдаж анхны Үндсэн хууль баталсан байх юм. Эдгээр төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 81 настай байсан. Харин төлөөлөгчдийн дундаж нас нь 43 байсан аж.


АНУ-ын Үндсэн хууль (1787 он)-д түүнээс хойш нийт 26 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. АНУ-ын Үндсэн хууль нь дэлхийн анхны бичмэл, хамгийн урт настай Үндсэн хууль гэж нэрлэгджээ.


Монгол улсын дөрөв дүгээр Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан 1 дүгээр сарын 13 энэ онд бямба гаригт буюу амралтын өдөр тохионо.

  

Related news