“Хөвсгөл Эрчим” хоёр жил дараалан лигийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-22 11:25:43

Улаанбаатар,  2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг дээд лигийн тэмцээний медалийн төлөөх цуврал тоглолтууд өчигдөр “Степп Арена”-д боллоо. Тус ордон өчигдөр 5000 гаруй үзэгчээр дүүрсэн байлаа.


Монголын волейболын дээд лигийн эмэгтэйчүүдийн төрөлд Хөвсгөл Эрчим” түрүүлж, аваргаа хамгааллаа. Тэд өнгөрсөн жил “Улаанбаатар финикс”-ийг хожиж түрүүлж байв. Харин энэ удаа “Хилчин”-ийг финалын цувралд 3:0-ээр буулган авснаар хоёр дараалан аваргын цом өргөх эрхтэй болж байна. Цувралын гурав дахь тоглолтын шилдгээр Хечаварриа шалгарсан бөгөөд тэрбээр 16 оноо авчээ. Түүнчлэн Г.Хонгорзул, Г.Цэцэгжаргал нар шилдэг тоглолтоо үзүүлсний ачаар “Эрчим”-ийнхэн финалын цувралыг гуравхан тоглолтоор шийдэж чадав.


Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийн төлөө өрсөлдөж буй “Говь Шанх Транс” гурав дахь цувралд “Натур Мед Толун”-ыг 3:2-оор буулган авлаа. Ингэснээр цувралыг 2:1 болгож ойртуулах нь тэр. Энэ тоглолтод “Шанх Транс”-ын лидер Б.Батсуурь онцгой байсан бөгөөд тэрбээр 32 оноо авч талбайд гарсан бүх тоглогчийг тэргүүлжээ.


Харин хүрэл медалийн төлөөх эрэгтэй, эмэгтэй ангиллын цувралд “Тэнүүн Огоо”-гийн залуус илүүрхэв. Эрэгтэйчүүд “Хасу Мегастарс”-ыг 3:2-оор хожиход Виктрович 31 оноо авсан бол, эмэгтэйчүүд “Ховд Ижил Алтайн барс”-ыг 3:1-ээр буулган авахад Мармолия Чала 28 оноогоор багтаа тус хүргэжээ. “Тэнүүн Огоо”-гийн бүсгүйчүүд цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэлсэн бол эрэгтэйчүүд нь 1:2 болгож ойртууллаа. Ингэснээр эмэгтэйчүүд нэг хожиход хүрэл авна. Харин эрэгтэйчүүд хүрэл авахын тулд хоёр дараалан хожих даалгавартай болж байна. 











Related news