Хүүхдүүд Прокурорын байгууллагын талаар тодорхой ойлголттой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-29 14:17:09

Сэлэнгэ  аймгийн Прокурорын газраас насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал аймгийнхаа Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Зөрчил, гэмт хэргийн ялгаа” сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг энэ сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Уралдаанд нийт 40 гаруй сурагчид оролцож, 42 эссэ ирүүлсэн байна. Ингээд хүүхдүүдийн ирүүлсэн эссэ уралдааны тэргүүн байрт Улсын тэргүүний 2-р сургуулийн 12б ангийн сурагч О.Содгэрэл, дэд байрт 12б ангийн сурагч О.Анужин, гутгаар байрт 12а ангийн сурагч Б.Бадрал нар шалгарч, дурсгалын зүйл болон мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Энэхүү уралдаанд оролцсон хүүхдүүдийг аймгийн Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцуулж, “Хүүхэд ба гэмт хэрэг” сэдэвт видео бичлэг үзүүлж, харилцан ярилцсан аж. Энэхүү ажлын үр дүнд хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд орохгүй байх, цаашид мэргэжлээ зөв сонгох, прокурорын байгууллагын талаар тодорхой ойлголттой болсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news