ДУНДГОВЬ: “Монгол бахархал-Ёс заншил” уралдаан ардын аман зохиолыг өвлүүлэх зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-27 10:59:52
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 27  /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв Номын сангаас хүүхдийн зохиолч О.Бяруузаны нэрэмжит “Монгол бахархал-Ёс заншил” уран уншлагын цахим уралдаан зохион байгууллаа.


Тус уралдааныг 2019 оноос эхлэн Цагаан сарын үеэр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд монгол үндэстний баялаг өв уламжлалын маш чухал хэсгийн нэг болох монгол ардын аман зохиолыг хойч үедээ өвлүүлэх зорилготой юм.


Монгол ардын аман зохиол нь эртнээс нүүдэлчин түмний өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжийг үр удамдаа өвлүүлэн дамжуулах гол хэрэгсэл болж байсан бөгөөд олны дунд амаар зохиогдон тэдний мэргэн ухаан, цэцэн билгийн илэрхийлэл болж уламжлан дэлгэрсэн уран үгийн бүтээл юм. Монгол ардын аман зохиол нь хэд хэдэн үндсэн төрлүүдэд хуваагддаг ажээ. Тухайлбал: үлгэр, тууль, домог, оньсого, таавар, зүйр цэцэн үг, түргэн хэллэг, ерөөл, магтаал, ертөнцийн гурав, хууч яриа зэрэг юм.


Тиймээс уралдаанд оролцогчид ерөөл магтаал, зүйр цэцэн үг, түргэн хэллэг, дайралцаа үг, хэлц үг, оньсого таалцах, үндэсний тоглоом зэрэг аман цэц билгийн өв сангаас 1-3 минутад уран уншиж, бичлэгээ ирүүлсэн бөгөөд нийт 50 орчим хүүхэд оролцжээ.


Сургуулийн өмнөх боловсролын 2-5 насны ангилалд Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч Д.Анхбаяр “Монгол ухаан” шүлгээр”, 8 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч А.Амин-Эрдэнэ “Дээл мялаах ерөөл” бүтээлээр, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын ангилалд Хүмүүнлэг сургуулийн 5б ангийн сурагч Намуунтуяа “Цагаан ботго”, Хулд сумын сургуулийн 5а ангийн сурагч Б.Билгүүнзаяа “Монгол өргөө”, дунд, ахлах ангийн сурагчдын төрөлд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч А.Ууганбаяр “Монгол өргөө”, Сайхан-Овоо сумын сургуулийн 6а ангийн сурагч А.Мөнгөнсарнай “Борхүү, ишиг хоёр” бүтээлээр тус тус шалгарчээ. 

Related news