ДУНДГОВЬ: Музейн нээлттэй өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-01 10:43:29
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейн нээлттэй өдрүүд өнөөдөр эхэлж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.


Тус музей 1949 онд “Орон нутгийг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдаж, аймгийн клубийн нэг өрөөнд гол төлөв орон нутгийн ашигт малтмалын дээжсээс бүрдсэн 20 гаруй үзмэртэй байсан бол өдгөө урлаг, уран сайхны 200 орчим, угсаатны зүйн холбогдолтой 1000 гаруй, шашны 1100, археологийн 1250 орчим, байгалийн 400 гаруй, палентологийн 50 гаруй, түүхийн холбогдолтой 700 гаруй үзмэртэй болжээ.


Дундговь аймгийн музей нэн эртний хүрэл зэвсгийн үе, Их Монгол улс, аймаг байгуулсан түүх, дуу хуур, аймгийн алдартан, мал аж ахуй, монголын уламжлалт тоглоом, угсаатны зүй, Зава Дамдин, ан амьтан, ашигт малтмалын үзмэрийн танхимтай.


Аймгийн музейн ялгарах гол онцлог нь хүрлийн үзмэрээр баялаг. Тус музейд МЭӨ III мянганаас VIII зуунд хамаарах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан 800 орчим хүрлийн олдвор байдаг.

 

Хүрлийн цуглуулгад амьтны загварт унжлага, сум, хутга, олом, арал, ахуйн хэрэглээний хүрэл эдлэл хадгалагдаж байна.


Мөн Боржгин цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд орсон тугалын бүлээний солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой шүрэн хөөрөг, XV-XIX зууны үед хийсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал, шавар, зурмал бурхад, шашны болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар, гавьяат түүхт хүмүүсийн эдэлж байсан эд зүйл, Их номч, түүхч, шашны тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей гээд 5000 гаруй сонирхолтой үзмэрүүд тус музейд бий.


Музейн нээлттэй өдрүүд 3 дугаар сарын 7 хүртэл үргэлжилж, 9.00-18.00 цагийн хооронд ажиллах юм. 



Related news