Цөлжилтийн эсрэг Дундговь аймаг 2025 онд 1 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-16 17:44:26

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 16. /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн хэмжээнд цөлжилтөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын төрөл зүйлүүдийн 50 орчим хувь нь ургахаа больсон.  

 

Цөлжилтийн эсрэг Дундговь аймаг 2025 онд 1 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна.

 

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар Дундговь аймаг цөлжилт ихтэй зургаан аймгийн тоонд орсон. Тус аймаг Монгол Улсын шар шороон шуурга ид хүчээ авдаг талбар бөгөөд удаа дараагийн цөлжилтийн судалгаагаар салхинаас нөлөөлөн хамгийн их цөлжиж, бэлчээр доройтож буй газар юм. Тус аймгийн газар нутгийн 1.3 хувь нь сул, 13 хувь нь дунд, 54.8 хувь нь хүчтэй, 30.9 хувь нь нэн хүчтэй цөлжиж байгаа бөгөөд 3.3 сая малтай, бэлчээрийн даац 48 хувь буюу хэвийн хэмжээнээс 2.7 дахин хэтэрчээ. 

.

2021 оны 3 дугаар сарын 13-14-нд болсон ганц удаагийн хүчтэй шуурганаар 80 гаруй км газар мал уруудан алдагдаж, Дундговь аймгийн 137 мянган мал хорогдсон байна.

 

Сумын төв, авто зам, өвөлжөө хаваржаа, бэлчээрийг салхинаас хамгаалах зорилгоор модыг экологи-эдийн засгийн үр ашигтайгаар иргэдийн оролцоотой тарьж, салхины хамгаалалтын ойн зурвас байгуулах, таримал ой дагасан соёл, аялал жуулчлалын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, бүс байгуулах, нүүрстөрөгчийн зах зээлд оролцож, малчин өрхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлж, орлогыг нь нэмэгдүүлэх загвар болох “New Gobi Oasis” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Дундговь аймгийн хувьд өнгөрсөн 10 жилд 640 000 мод тарьж ургуулсан. 2025 онд 1 сая мод тарих зорилт дэвшүүлж, усалгааны автомат системтэй төглүүд байгуулж, мод тарьж буй өрхөд усны сав үнэгүй дүүргэн өгч байгаа юм. Мөн өрх бүр 5 мод хашаандаа тарих ажлыг зохион байгуулж, иргэд ч үүнийг дуртай хүлээн авч хэрэгжүүлж байгааг Байгаль орчны газраас мэдээлсэн. Байгаль орчны ямар ч үйл ажиллагаанд залуучууд нэгдэж, залуусын дуу хоолойг нэгтгэх нь зүйтэй, мөн залуучуудыг илүү түлхүү оролцож ногоон клубийг орон нутагтаа тогтмол ажиллуулах хэрэгтэйг форумд оролцогч залуучууд ярьж байна. Тус форумаас гарсан саналуудыг нэгтгэн, цаашдын төлөвлөгөөнд тусгах юм.      

Д.Адъяасүрэн

 

 

Related news