ДУНДГОВЬ: Залуучуудын санал, тунхаг бичгийг төсөл болгон орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-17 15:41:47

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/ Цөлжилтийн эсрэг залуучуудын оролцоо” үндэсний форумд цөлжилттэй 10 аймгийн төлөөлөл оролцож, бэлчээрийн доройтол, элсний нүүдэл, цөлжилт зэргийг сааруулах тухай саналаа нэгтгэн тунхагт гарын үсэг зурлаа.

 

Тунхаг бичгээс гарсан саналууд чухал бөгөөд төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд анхаарна гэдгээ НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан ажилтан Д.Соёлмаа хэллээ. 

 

Хамгийн гол нь говь нутагт, ялангуяа цөлжилттэй газруудад амьдарч буй залуучуудын санал, туршлагыг дэмжих нь бодит үр дүн болно гэдгийг форумын төлөөлөгчид онцолж, ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг дүгнэсэн. Жилийн дараа болох бага хуралд залуучуудыг өргөнөөр хамруулахад анхаарна гэлээ.


Дундговь аймгийн хувьд 2030 он гэхэд 30 сая мод тарьж ургуулсан байх ёстой. Иймээс бэлтгэл ажлын хүрээнд 15 суманд сургагч багш бэлтгэжээ. "Цөлжилтийн эсрэг залуучуудын оролцоо" үндэсний форумын хаалтын өдөр залуучууд “Арвижих” төгөлд 100 мод тарилаа. Цаашид цөлжилтийг сааруулахын тулд аймгийн Засаг даргын санаачилгаар “Ногоон Дундговь” төслийн хүрээнд хамгаалалтын ойн зурвас, үзэсгэлэн худалдаа, сургуулийн танин мэдэхүйн төгөл, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлуудыг тус тус төлөвлөөд байна.

 Д.Адьяасүрэн

 

Related news