ДОРНОД: Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн туг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-10 14:23:43

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ тугийг 1960 онд Барга угсаатны тугийг үе дамжин хадгалж ирсэн Чимэдцэрэн гэх хүнээс авсан бөгөөд ам мэдээгээр “Богд хаант Монгол Улсын Манлайбаатар, Төрийн жун ван Ж.Дамдинсүрэнгийн барьж орж ирсэн туг” хэмээн Дорнод аймгийн музейд өгсөн түүхтэй юм.


Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Манлайбаатар Ж.Дамдинсүрэн нь 1916 онд өөрийн гэр бүл болон 200-гаад айл өрхийг Хөлөнбуйрын нутгаас дагуулан нүүдэллэж ирсэн нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын Барга угсаатнууд билээ.

Туг нь улаан өнгийн даавуугаар галын дөлийг дүрслэн эмжсэн, гурвалжин хэлбэртэй байгаа нь тэсвэр тэвчээр, хүч чадал, эрх чөлөөг бэлгэдэхээс гадна гурвалжин хэлбэр нь мөн сумны зэв мэт дайчин, галын дөл мэт ялан дийлэх, мандан бадрахыг бэлгэддэг.


Тугийн нэг талд монгол түмний эрхэмлэн дээдэлдэг дөрвөн хүчтэний нэг болох арслан, нөгөө талд хос далавч бүхий домгийн амьтныг дүрсэлжээ. Мөн тугт таван нүдэн хээ бий. Таван нүдэн хээ нь дөрвөн арвайг нийлүүлсэн хэлбэртэй бөгөөд арвай мэт өсөж үржих, сайн сайхан дэлгэрэх, эд агуурс арвижих, аливаа үйл хэрэг дэгжин хөгжихийн бэлгэдэлтэй. 

Related news