Хүнсний бүтээгдэхүүний дээж тээсэн сансрын бөмбөлгийг хөөргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-22 19:40:42

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт анх ниссэн түүхт өдөр Монгол, Японы эрдэмтэн судлаач, оюутнууд хамтран  сансрын хоёр бөмбөлгийг Төв цэцэрлэгт хүрээлэнгийн Байт харвааны талбайгаас амжилттай хөөргөлөө.


Сансрын бөмбөлгүүд нь сургалт, судалгаа, арилжааны зэрэг янз бүрийн зориулалттай байдаг. Тэгвэл хооронд нь цагийн зайтай хөөргөсөн сансрын бөмбөлөгтэй хамт Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс гүн хөлдөөж хатаасан хүнсний бүтээгдэхүүний дээжийг хамт хөөргөв. Бөмбөлөг 30 мянган метр буюу онгоцны нислэгээс 3 дахин өндөрт хүрч, агаар мандлын дээрх стратосфер давхаргад очих юм. Ингэснээр нян судлал, хоол хүнсэнд үзүүлэх цацраг идэвхт бодисын нөлөөг судалж, Марсын аналог хоол хүнсний хөгжүүлэлтийг сайжруулахыг зорьж байна. Хоёр бөмбөлөг агаарт хурдтай хөөрөх учир 40-50 минутын дараа 30 мянган метрт хүрч мэдээллээ цуглуулаад, цаг хагасын дараа Багануурын хойд ууланд шүхрээрээ бууна.



Энэ үеэр, Сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийн тэргүүн С.Эрдэнэболд Монголчууд Марс гарагт очих эхний алхам хийж буйг онцлоод, Манай улс “Мars-V төсөл хэрэгжүүлэх эхний 22 улсын 16 дахь нь болж гарын үсэг зурсан. Бид сансрын агентлагтай болохыг зорьж байна. Мars-V төсөл дээр амжилттай ажиллаж, хувцас, материал, 72 төрлийн хоол хүнсний судалгаа туршилт хийсэн нь амжилттай танигдаж, NASA станцын хүнс бэлтгэх боломжтой болж байна. Агаарын бөмбөлөг нь марс гаргийг судлахад ач холбогдолтой. Түүнчлэн ойрын 2-3 жилд Монголын нутаг дэвсгэрээс хүнд оврын агаарын бөмбөлөг, цаашлаад капсул дотор хүн суулгаад хөөргөх, алсдаа бие даасан станцтай болох зорилго бий” хэмээв.


Монгол Улсын өргөргийн дагуу сунан тогтсон газарзүйн байршил нь сансрын бөмбөлгийг хөөргөж, судалгааны дээжийг аюулгүй, газар нутагтаа буулгах ач холбогдолтой. Мөн хүн амын сийрэг суурьшил, өргөн уудам газар нутаг нь дэлхийн бусад улстай энэ салбарт өрсөлдөх давуу тал юм.


Энэ талаар Японы Вакаяма их сургуулийн захирлын туслах, Мars-V төслийн зөвлөгч Акияма Хироаки ярихдаа, “Монгол, Японы хамтарсан баг агаарын бөмбөлгийн туршилтыг 10-аад жил хийлээ. Өнөөдөр хөөргөсөн бөмбөлөг агаар мандлын дээрх стратосфвер давхаргад хүрнэ. Энэ давхаргад судалгаа хийх нь сансрын уудмыг судлах, ашиглахын эхлэл болохоос гадна дэлхийтэй хамгийн ойр сансрыг судалж байгаад давуу тал нь оршино. Сансрын судалгаанд олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй байдаг. Улс төр, олон улсын ач холбогдолтой. Түүнчлэн, Монголын говьд марс судлалын симуляцын төв байгуулахыг зорьж байна. Үүнд ч судалгааны дата, өгөгдөл, үйл явц хэрэгтэй. Монголын говь бол Марсын гадаргын хөрс, өнгө төрх, геологитой төстэй. Дээр дурдсан стратосфер давхарга нь агаарын даралт, хэм зэргээрээ Марсын агаар мандалтай төстэй. Энэ утгаараа Марсын агаар мандлыг судалж буйтай агаар нэг учир Монгол Улсын Марс судлалд асар их хувь нэмэр оруулж буй хэрэг. Стратосфер давхарга аль ч орны дээр байгаа л даа. Гэхдээ баруунаас зүүн тийш өргөргийн дагуу сунаж тогтсон орон агаарын бөмбөлгийн судалгаанд туйлын зохимжтой байдаг.


-Өнөөдөр хөөргөсөн бөмбөлөгт нэлээд олон байгууллага дээжээ явуулсан нь хөөргөх явцад харагдлаа. Ямар мэдээлэл хүлээж авах вэ?

-Монголын 3, Японы 2 их сургууль, судалгааны гээд 7 байгууллага эхний бөмбөлөгт 7, хоёр дахь бөмбөлөгт 8 хайрцаг зүүж хөөргөлөө. Хайрцаг бүрд өөрийн судалгааны дээжийг хийсэн, 10 гаруй төрлийн туршилтын даалгавар. Өнгө бүхэн өөр. Стратосфер давхаргад хүрч мэдээллээ аваад, буцахдаа хамгийн дээр байрлуулсан шүхрээр бууж ирэх юм. Амьд биет хайна, агаарын хүнс буюу гүн хөлдөөсөн махыг буцааж дэвтээгээд агаар мандал руу гарах хооронд бактерын өсөлтийн хэмжээ хэр болсныг судална. Тэндээс бид мэдээллээ авна гэсэн үг.


-Үүний өмнө хөөргөж байсан агаарын бөмбөлгөөс ямар сонирхолтой, шинэ мэдээлэл авч байсан бэ?

-Газар дээр бус газраас 30-40 мянган метрийн зайд дээж гаргах, холбооны мэдээлэл дамжуулдаг төхөөрөмжүүд угсраад түүнийгээ алсаас удирдан ажиллуулж чадаж байгаа нь хамгийн том үр дүн байсан. Монгол Улс агаарын бөмбөлөг хөөргөх давуу талтайг дэлхийн олон орны эрдэмтэн судлаач, оюутнуудад таниулж, хамтарч судалгаа хийх боломж олгож байна. Агаарын бөмбөлгийн туршилт хийх боломжгүй нутгийн хүмүүст боломж олгож байгаа нь ач холбогдолтой” гэлээ.


Мars-V төслийн шинжлэх ухаан, инженерчлэлийн багийн ахлагч С.Ган-Одоос агаарын бөмбөлөг хөөргөхөд Монголын багийн оролцоог тодрууллаа. 

Тэрбээр, “Үе үеийн сансрын судалгаа бол олон улсын хамтын ажиллагаа байдаг. Энэ нь заавал пуужин хөөргөх зэрэг зардал их байх албагүй. Хийж болох, чадах зүйлээрээ хамтрах. Сансрын уудмыг хөгжүүлэх туршилтын ажилд хүний нөөц чухал байдаг. Монгол оронд хүний нөөц хөгжүүлэх нь нэн чухал байна. Өнөөдөр агаарын бөмбөлөг хөөргөж байгаа нь Японд бэлтгэгдсэн монгол инженерүүдийн 10-аад жилийн хамтын оролцоо, уран бүтээл юм. Цаашид хийх зүйлээ бэлдэхийн тулд мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, оюутнуудыг хөтөлбөрт хамруулан, олон улсын хөтөлбөр болгож, ирээдүйд олон хиймэл дагуул бүтээлцэх бэлтгэл хангаж байгаагаараа ач холбогдолтой. Өвөг дээдэс маань нэгэн цагт дэлхийн хамгийн том колони байгуулсан. Дараагийн шинэ газарт энх тайван тогтоох нь төрмөл үзэл санаа. Сансрын уудмыг хамтран эзэмших, түүнд хүрэлцэхэд давуу талаа ашиглах нь бидний хийх ёстой ажил. Бид газар зүйн болон бусад давуу талаа харуулна гэж боддог.


-Агаарын бөмбөлөг хөөргөж, хүний нөөцөө бэлдэх гэхчлэн сансар судлалд богино хугацаанд чамгүй амжилт олж байна. Бидэнд газар зүйн байрлал, давуу талаа ашиглаад сансрын зах зээлд өрсөлдөх боломж бий юу?

-Дэлхийгээс сансарт гарч бусад гаргийг судалсан дээжүүдийг Австрали улсад буулгадаг. Учир нь эквадорын бүс дагуу тойрог хөдөлгөөнд байсан зүйлсийг бөмбөрцгийн өмнөд юм уу, хойд хагаст буулгаж авдаг. Австрали баруун тийш, харин Монгол орон зүүн тийшээ сунаж тогтсон байрлалтай. Эх дэлхийд эргэн буулгах, дээж хүлээн авах зах зээлд ороход бид маш ойрхон байгаа. Тиймээс агаарын бөмбөлгөөр дамжуулан гараагаа эхэлж, өөрсдийгөө танилцуулаад байгаа юм.


-Хамтын ажиллагааны хүрээнд хийх дараагийн том алхам юу байх вэ?

-Монгол Улс холбооны хиймэл дагуултай болох. Аль ч улсын хил дамжихгүй шилэн кабелиар өөрсдийн холбоог сансраас хангадаг системтэй болно гэсэн үг. 2027 онд 3.5 тн жинтэй хиймэл дагуул хөөргөе гэсэн яриа ч нэлээн дээд түвшинд болж байгаа. Агаарын бөмбөлгөөр дамжуулж олон улсын хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн Монголын дээрээс дэлхийг тойроод эргэдэг хиймэл дагуул бий болгохыг зорьж байгаа. Францын компанитай урьдчилсан байдлаар тохирсон, мөн АНУ, Японтой ч хамтран ажиллах боломж бий.


-Монголын хоол хүнс ямар учраас сансарт хамгийн тохиромжтойд тооцогддог юм бол?

-Монголчуудын эртнээс хоол хүнсэндээ хэрэглэж заншсан борц, ааруул, чацаргана, гээд олон хүнсийг нэрлэж болно. Энэ бүхэн яагаад сансарт тохиромжтой хүнс болчихов гэвэл, хамгийн гол нь жин бага, хадгалалт даана. Дээшээ гарах грамм бүхэн үнэтэй. Сансарт эрчим хүч хомс тул хоол хүнс хадгалах боломжгүй. Иймд хатаадаг, хөнгөхөн, тэгсэн атлаа уураг, шимт бодисын агуулга өндөр байх нь ач холбогдолтой. Энэ бүхэн бид өнөөдөр бодож сэдэж хийсэн зүйл биш. Чингис хааны Их засаг хуульд дайнд явсан цэргийн хүнсийг ар гэр нь даана гэж. Хол авч явахад хөнгөн хүнс бэлтгэхийн тулд борц, хуурай сүү хийсэн байгаа юм. Шинэ юм гэдэг чинь мартагдсан хуучин зүйл шүү дээ. Монголчууд нүүх, тээвэрлэх, хадгалах явцад шимт бодисын хэрэгцээгээ хангах "ноу хау"-г хэдэн зуун жилийн өмнө гаргачихсан. Бид түүнийг л сансарт хамгийн тохиромжтой гэдгийг дэлхий нийтэд дахин сануулж ойлгуулах, "тийм" гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй хэмээн ярьсан юм.



Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн өдөр буюу 2019 онд нийслэлийн төв талбайгаас анхны агаарын бөмбөлгийг “Бидний мөрөөдөл сансарт” захидлуудын хамт хөөргөж байсан юм. БНХАУ-ын технологийн компани агаарын бөмбөлгийг 33 мянган метр өндөр хөөргөснөөрөө Гиннесийн амжилтыг эзэмшиж байсан бол Монгол, Японы баг 37 мянган метрийн өндөрт хөөргөж дээрх амжилтыг эвдэж байв.


Түүнчлэн Монгол, Японы сансрын баг хамтран Монгол Улсад анх удаа Сансрын бөмбөлгийн чуулга уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгууллаа. Сансрын бөмбөлгийн чуулга уулзалтыг жил бүр Монголд зохион байгуулж, олон орны эрдэмтэн, судлаачийг хамруулахаар төлөвлөөд байгаа аж.

Related news