ӨВӨРХАНГАЙ: “Цахим жишиг аймаг” болоход гурван тэрбумыг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-28 09:55:16

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам 21 аймгаас Өвөрхангайг онцолж “Цахим жишиг аймаг” болгож хөгжүүлэх зорилтыг тавиад байна. Энэ хүрээнд  “Цахимд хэвшье” уриан дор "Digital First-D1" өдөрлөгийг зохион байгууллаа.

 

“Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймагт ирж, “IT экспо” үзэсгэлэнг гарган орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан юм.



“Өвөрхангай аймаг бол хангайн бүсийн тулгуур төв, дэд бүтцийн хөгжил, хүртээмжээр чамгүй амжилттай явдаг. 112 багийн 101-т нь харилцаа, холбооны сүлжээ орчихсон байна. 2024-2025 онд үлдсэн 10 багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно. Энэ суурь дэд бүтэц, удирдлагын манлайлал бол цаашдаа энэ аймгийг бусад аймагтай жишихүйц цахим аймаг болгох боломж, өгөгдөл байна” хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэллээ.


“Цахим жишиг аймаг” зорилтын хүрээнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэгчдийн программ хангамж, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахад ЦХХХЯ-аас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана.

Мөн “Цахим жишиг аймаг” болоход яамнаас болон орон нутгаас 3 тэрбум төгрөгийг зарцуулах юм.


Related news