Олимпын үеэр Монголыг сурталчлах “Монгол хаус” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-11 09:23:00

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны XXXIII олимп эхлэхэд 106 хоног үлджээ.


Харин зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдсэн байна. Энэ үеэд “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан болов. Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар олимпын 10, паралимпын дөрвөн эрх аваад байна. Манай улсаас энэ удаагийн олимпод спортын 12 төрөлд 45 эрх авч, 4-5 медаль хүртэх зорилго тавьжээ. Тэгвэл паралимпын наадамд долоон төрлөөр 12 эрх авч, 2-3 медаль авахаар төлөвлөсөн байна.


Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн тамирчдын бие бялдар, сэтгэл зүй, бэлтгэл дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хангах зорилгоор тамирчид, дасгалжуулагч нарт мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх баг ажиллаж байгаа аж. Тус багт спортын анагаах ухаан, бэлтгэл дасгалжуулалт, сэтгэл зүй, хоол зүйн баг багтсан юм.


Түүнчлэн олимпын наадмын үеэр “Монгол хаус” төслийг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд “GO MONGOLIA” брэндийг олон улсад танилцуулж, Монгол орны нүүдэлчин ахуй соёл, урлагийн тоглолт, идээ ундааны дээж, зочлох хүндлэх ёсыг дэлхийн улс орнуудад сурталчлах, Монголын олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж, дэлхий нийтэд сурталчлах, олимпод оролцож байгаа баг тамирчдаа дэмжих зорилготой. “Монгол хаус” нь Парис хотын “Ла Виллетe” парк дотор 922 м.кв талбайд 7-р сарын 27-ноос 8-р сарын 11-ний өдрүүдэд 10:00-23:00 цагт ажиллана.


Олимп, паралимпыг дэмжих үйл ажиллагаанд энэ онд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 



Related news