“Чингис хаан” олон улсын нисэх буудал “4 од” зэрэглэл хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-18 11:49:18

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал Английн “Скайтракс” судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэл хүртсэний батламжаа Германы Франкфурт хотод гардлаа.


Их Британийн Лондон хотод төвтэй “Скайтракс” олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлгээ хийдэг байна.


Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компани 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг. Тус компанийн 49 хувийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал”, 51 хувийн хөрөнгийг Японыг төлөөлж “Жапан эйрпорт менежмент” компани эзэмшдэг юм.

Related news