АНУ-ын Соёл мэдээллийн төвийг Орхон аймагт нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-25 15:20:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/ АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэйтью Фэрэнс, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Жон Браун нар Орхон аймагт зочиллоо.


Зочид, төлөөлөгчид өнөөдөр нээлтээ хийж буй “Номын өргөө”-ний үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ тус төвд үйл ажиллагаагаа эхлүүлж буй АНУ-ын Соёл, мэдээллийн төвийг нээж, Орхон аймагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 


Соёл, мэдээллийн төв нь “Номын өргөө”-ний гурван давхарт байрлах бөгөөд англи хэл сурах хүн бүрт нээлттэй юм. Мөн АНУ-ын соёл, мэдээллийг түгээж оюутан солилцоо болон бусад хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.


Тус төв уншлагын болон цахим 25 өрөө, урлангийн 12 өрөө, сургалтын 10 өрөө зэрэг нэг дор нийт 141 хүнд үйлчлэх бүрэн боломжтой.


Орхон аймагт АНУ-ын Соёл, мэдээллийн төвийг нээх хүсэлтийг УИХ-ын гишүүн Д.Батлут 2023 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон Брауныг Төрийн ордонд хүлээн авч уулзах үеэрээ тавьж байжээ.


Үүний дагуу шинэ “Номын өргөө”-нд байгуулах саналыг Орхон аймгийн удирдлагууд дэмжиж өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна.


Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэйтью Фэрэнст хандан энэхүү төвд Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудыг ажиллуулах, Англи хэлний феллов /ELF/ хөтөлбөр, Англи хэлний мэргэжилтэн хөтөлбөр, Англи хэлний Аксесс Микро тэтгэлэгт хөтөлбөр, И-багш тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан юм.

 




Related news