Монголын Хүмүүнлэгийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2024-05-07 17:28:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүмүүнлэгийн өдөр жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр тохиодог. Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэдэг уламжлалтай. 


Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ жил “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрд тэмдэглэнэ. 


Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс 5 дугаар сарын 8-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулна. 


Дэлхий даяар 1948 оноос  эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон  зохион байгуулдаг юм. 


Ташрамд дурдахад, Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс “Олон улсын Улаан загалмай, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Засгийн газар, Австралийн Улаан загалмай, БНХАУ-ын Улаан загалмай, БНХАУ-ын Элчин Сайдын Яам, “Бадрах Энержи” ХХК, БНСУ-ын Засгийн Газар, Гадаад харилцааны яам зэрэг байгууллагын дэмжлэгээр 2023-2024 онд зудын хариу арга хэмжээний хүрээнд зудын гамшигт өртсөн 21 аймгийн 10 650 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэст тэжээлийн багц, хүнс, ариун цэврийн багц нийт 7,1 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна.


Цаашид “Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Европын холбоо, иргэд,аж ахуйн байгууллагуудын дэмжлэгээр 3000 орчим өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багцаар тусалж, малчдын амьжиргааг дэмжих, зудын хохирлыг барагдуулж, малчдыг хэвийн амьдралдаа шилжихэд туслах нөхөн сэргээх чиглэлээр ажиллах юм гэж Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс мэдээллээ. 




Related news