Парисын дэвжээнд Монголын чөлөөт бөхийн найман тамирчин зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-13 10:34:00

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн шигшээ багаас найман тамирчин Парис явах тийзээ захиаллаа.


Истанбулд болсон олимпын эрхийн сүүлчийн тэмцээнээс Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар Парисыг зорихоор болсон юм. Ингэснээр чөлөөт бөхийн эмэгтэй тав, эрэгтэй гурван тамирчнаа Парисын дэвжээнд харах нь ээ.


Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан шинэ журмаар олимпод явах тамирчныг сонгон шалгаруулахгүй. Өөрөөр хэлбэл, эрх авсан тамирчин өөрөө тухайн олимпын наадамдаа зодоглоно.


Парист зодоглох тамирчдын нэр

Эмэгтэй 50 кг Д.Отгонжаргал (Женко)

Эмэгтэй 53 кг Б.Хулан (Аврагч)

Эмэгтэй 62 кг П.Орхон (Алдар)

Эмэгтэй 68 кг Э.Дэлгэрмаа (Хүч)

Эмэгтэй 76 кг Э.Даваанасан (Алдар)

Эрэгтэй 65 кг Т.Тулга (Хүч)

Эрэгтэй 86 кг Б.Бат-Эрдэнэ (Хилчин)

Эрэгтэй 125 кг М.Лхагвагэрэл (Хилчин)


Үүнээс гадна "Истанбул-2024” олимпын эрхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэгээр манай олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас ажилласан. Энэхүү тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулах бөгөөд манай шүүгч олимпын наадамд шүүх эсэх уг шалгаруулалтын дүнгээр тодорхой болох юм.

Related news