Нацү башёгийн хоёр дахь өдрөөс ёкозүна Тэрүнофүжи тэмцээнийг орхилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-13 16:01:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн энэ оны Нацү башё өчигдөр Токио хотод эхэлсэн. Эхний өдөр том цолтнуудад халгаатай байлаа.


Тодруулбал, Ёкозүна Тэрүнофүжи, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, Кирибаяма Б.Лхагвасүрэн, Такакэйшо, Котоказүра, сэкивакэ Аби, Вакамотарюү нар өвдөг шороодсон.


Тэгвэл эхний өдрийн барилдааны үеэр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хавирга болон баруун өвдгөндөө бэртэл авснаар 21 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон аж. Ингэснээр тэр башёг дуусгахаас өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр Харү башёг ч бэртлийн улмаас дундаас нь орхисон байдаг. Түүний хувьд ёкозүна цол хүртсэнээс хойш боломжит 17 башёгийн аравт нь бэртлийн улмаас барилдаагүй гэнэ. 


Харин эхний өдөр мэргэжлийн сүмогийн карьераа албан ёсоор эхлүүлсэн дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакүхо Ө.Дэмиджамц, жюүрёод дэвшин шинэ сэкитори болсон Онокацү Б.Чойжилсүрэн, макүүчид анх удаа дэвшсэн Оошёоүма П.Дэлгэрбаяр давсан байна.


Эргэн сануулахад, Нацү башёд Монголын 23 бөх таван зиндаанд хүч үзэж байгаа юм. Тодруулбал, Макүүчи, макүшитад тус бүр долоо, жюүрёо, санданмэд тус бүр дөрөв, жонокүчид нэг бөх барилдаж байна.

Related news