Гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг Л.Анхзаяагаар сэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нд эхлэх, жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос оролцох бүрэлдэхүүнийг бид танилцуулсан билээ.
Тэгвэл бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оржээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд өрсөлдөх дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар бэртлийн улмаас Олимпын өмнөх сүүлчийн тэмцээнийг өнжихөөр болжээ.
Тиймээс шигшээ багийн дасгалжуулагч нар болон Монголын жүдо бөхийн холбооныхны шийдвэрээр түүний оронд залуу мастер Л.Анхзаяаг АНЭУ-ын Абу Даби руу илгээхээр болов.
Түүний хувьд, 2022 онд Португалын гранпригаас хүрэл авч, Улаанбаатарын “Их дуулга”-д шагналт байрт шалгарч байсан. Л.Анхзаяа өдгөө 24 настай, 2024 оны хоёр дахь тэмцээндээ оролцох гэж байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Анталиягийн “Их дуулга”-д хүч үзсэн билээ.
Манай жүдочид энэ сарын 16-нд Абу Даби руу ниснэ.