“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024”-ийн нээлтийн өдөрлөг төв талбайд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-05-22 16:48:49

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024”-ийн нээлт Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.  


Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ, “Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна. Тиймээс аливаа өвчний талаарх тандалт сэргийлэлтийн судалгаа хийх, иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал төлөвшүүлэх зорилгоор энэ жилийг ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байна.  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Монгол Улсын Үндсэн хуульд, “Эрүүл мэндээ хамгаалах нь иргэн хүний журамт үүрэг мөн” гэсэн заалт бий. Үүнийг төр, иргэний нийгмийн байгууллага, эмч ч ярьдаггүй. Таны эрүүл мэндийг эмч, эрүүл мэндийн байгууллага хариуцна гэж олон жил ярьж байна. Энэ хандлагыг өөрчлөхөд Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлууд эерэг нөлөө үзүүлнэ“ хэмээв.


Өдөрлөгийн үеэр ЭМЯ, түүний харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар артерийн даралт болон цусан дахь сахар хэмжих, хоол зүй, шим тэжээлийн зөвлөгөө өгөх, биеийн бүтэц, найрлага тодорхойлох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүллээ. 



ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл, “Манай эмнэлэг мэргэшсэн төв эмнэлгийн хувьд иргэд олон нийтийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг. Энэхүү өдөрлөгт 4 их эмч, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж иргэдэд үзлэг оношилгоо, мэдээлэл зөвлөгөө өгч байна. Иргэд хамгийн аюулгүй гэж үздэг орон гэртээ бэртэж гэмтэж тусламж үйлчилгээ авахаар ирдэг. ГССҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албаны тоон мэдээллээр, орон гэртээ гэмтэж бэртсэн иргэд нийт үзлэгийн 40-өөд хувийг эзэлдэг. Мөн зам тээврийн осол гэмтэл нэлээд хувийг эзэлдэг. Удахгүй сурагчдын зуны амралт, аялал зугаалга, тэмдэглэлт ой гэсэн өдрүүд үргэлжлэх учир иргэдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч байна” гэв.


Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат иргэн Н.Төмөрбаатар, “Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр даралт, өндөр, биеийн жингээ хэмжүүллээ. Одоо зүрхний эмчид үзүүлэх гэж байна. Ер нь хүн эрүүл мэндээ хамгаалж явбал ач тустай гэдэг ч ингэж газар дээр нь зөвлөгөө өгч байгаад эмнэлгийн байгууллага, эмч нарт талархаж байна” гэв.











Related news