Монгол Улсын даяар дуурьсах мэргэн Л.Отгонбаяр 1000 харваачийн манлай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-18 14:05:34

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Дорнод аймгийн Баян-Уул сумын 100 жил, Үндэсний сурын спортоос төрсөн анхны Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн, ХХ зууны гарамгай мэргэн, тус сумын уугуул А.Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит Үндэсний их сурын цуваа харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн тус суманд болж өндөрлөлөө.


Төрийн наадмын өнгийг тодорхойлдог гэж хэлж болохуйц уг тэмцээнд 1030 харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн Булган сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарди” спорт хорооны тамирчин, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр 37 оноогоор түрүүлж, гурав дахь удаагаа улсын аваргаар тодров. Харин эмэгтэй харваачдаас Улсын гоц харваач О.Чинзүрх мөн гурав дахь удаагаа түрүүлэв.


Хөдөлмөрийн баатар А.Цэвээний хүү Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ удаа маш өргөн цар хүрээнд болж байна. Нийтдээ 1030 харваач оролцож, өрсөлдөөн ихтэй боллоо. Аавын минь нэрэмжит 100 жилийн ойн харваанд төрийн наадамдаа таван удаа түрүүлсэн Х.Даваажаргал мэргэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Оюунчимэг, даяар дууьрсах мэргэн Л.Отгонбаяр тэргүүтэй Монголын сор болсон харваачид оролцлоо. Миний аавын тогтоосон дээд амжилтыг зууны туршид эвдсэн хүн байхгүй. Улсынхаа наадамд дөрвөн удаа түрүүлж, 11 удаа айрагдсан, Монголдоо дахин давтагдашгүй өндөр амжилттай хүн. Мөн 61 насандаа гурав дахь удаагаа улсын наадамдаа түрүүлж байсан нь ховор амжилт. Одоогоор 60 насандаа улсын наадамд түрүүлсэн харваач төрөөгүй байна” хэмээлээ.  






 

Related news