“Барга цом”-оос есөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хятадын ӨМӨЗО-ы бөхийн холбооноос зохион байгуулдаг “Барга цом”-ын аварга шалгаруулах олон улсын VI тэмцээнээс манай улсын тамирчин есөн медаль хүртжээ.
Хөлөнбуйр хотод болж буй тус тэмцээнд БНХАУ-ын 20 муж, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Монгол улсаас нийт 245 тамирчин оролцож байгаа аж. Олимпын зургаан жингээр зохион байгуулж буй тус тэмцээн 3 өдрийн форматаар буюу өдөрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жингийн барилдаан болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр найман жингийн барилдаан болсноос манай тамирчин гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-д “Цаст тайга” клубийн тамирчин Н.Ганбаяр, 57 кг-д “Төгс” дэвжээний Б.Мөнх-Эрдэнэ, 74 кг-д “Хилчин” спорт хороо, “Дархан-Хасу” клубийн тамирчин Э.Тэмүүлэн нар алтан медалиар энгэрээ мялааж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 53 кг-д “Төгс” дэвжээний Н.Түмэндэмбэрэл, 76 кг-д “Хилчин” спорт хороо, “MNU03” клубийн тамирчин З.Болортунгалаг нар мөнгөн медаль хүртэв.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Сумъяа, “Хангай хайрхан уул” клубын тамирчин Б.Энхтүвшин, 76 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Загадулам, эрэгтэйчүүдийн 57 кн-д “Дархан-Хасу” клубийн тамирчин П.Дашцэрэн хүрэл медалийн эзэн болсон байна.
Тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 68 кг-ын жингийн барилдаанаар хаалтаа хийнэ.