Г.Болор-Эрдэнэ Монголын анхны Паралимпын мөнгөн медальт тамирчин боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-31 08:40:23

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны паралимпын Таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.


Тэрээр аваргын төлөөх тулаанд Туркийн тамирчинтай өрсөлдөж үндсэн цагт 7-7 гэсэн оноогоор тэнцэж, нэмэлт цагт ялагдаж, тус наадмын Монголын багийн хоёр дахь медальтан болсон юм.



Монгол Улсын баг нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн байдлаар “Парис-2024” паралимпын наадамд оролцогч 168 орноос одоогоор 19 дүгээр байрт жагсаж байна. 


Г.Болор-Эрдэнэ паралимпын наадмын Монголын багийн зургаа дахь медалийг хүртэж байгааг Монголын Үндэсний Олимпын хороо мэдээлжээ.


Монголчуудын паралимпын наадмын амжилтаас дурдвал, "Бээжин-2008" наадмаас Д.Баатаржав байт харваагаар  алт,  "Рио-2016" наадмаас Б.Ууганхүү жүдо бөхөөр, Э.Содномпилжээ пауэрлифтингээр хүрэл, "Токио-2020" наадмаас Э.Содномпилжээ алт,  "Парис-2024" наадмаас  У.Сүрэнжав таэквондогоор алтан медалийг тус тус хүртээд буй юм.                                                                                         Гэрэл зургийг Ж. Адилбиш

Related news