ХӨВСГӨЛ: Б.Баасанхүүгийн 2 багшийг тус бүр 10 сая төгрөгөөр урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүгийн анхны багш А.Даваадорж, Б.Очирбат нарыг Хөвсгөл аймгийн удирдлагууд тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
Анхны багш А.Даваадорж нь тухайн үед хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй бөгөөд өнгөрсөн 7 хоногт ирж шагналаа гардан авлаа.
ОУХМ Б.Баасанхүүгийн анхны багш жүдо бөхийн спортын мастер А.Даваадорж 1979 онд жүдо бөхийн спортын дэд мастер цол хүртэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас Биеийн тамирын багшаар ажлын гараагаа эхэлжээ.
Дараа жил нь Мөрөн хотын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд багшилж олон хүүхдийг спортоор хичээллүүлэн, шилдэг тамирчдыг төрүүлжээ.
Тэдний нэг нь олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү юм. Тэрбээр 13 наснаасаа эхлэн 12-р анги төгстлөө А.Даваадорж багшийнхаа удирдлага дор жүдо бөхөөр хичээллэжээ.
Мөн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас Б.Баасанхүүгийн 2 багшид тус
бүр нэг сая төгрөгийн урамшуулал олголоо.