“Автомашингүй өдөр”-өөр 41 чиглэлийн 345 автобусны маршрутыг өөрчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-17 14:13:30

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг “Автомашингүй өдөр-2024” өдөрлөгийн талаар мэдээлэл өглөө.


Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Гомбосүрэн Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлд хүч хүчээ хуваарилаад ажиллах болно. Автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах, хаана хаах вэ гэдэг төлөвлөлтийн талаарх мэдээллийг хүргэе. Есдүгээр сарын 21-ний бямба гарагийн 07:00-18:00 цагийн хооронд хойд чиглэлд СУИС, Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар, зүүн талд Дарь-Эхийн уулзвар, Сансарын тунел, Зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, урд талдаа Шангри-Ла, Монголын хүүхдийн ордны уулзвар, баруун талдаа Өгөөж, Бөмбөгөр, Гэсэр сүмийн уулзвар, Баруун дөрвөн зам гэсэн байршилд өмнөх жилүүдийнхтэй адилхан хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл оруулахгүй. Хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж, түр хаалт тавих 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана. Дээр дурдсан байршлууд дотор ямар нэгэн тээврийн хэрэгсэл зорчихгүй гэдгийг энэ бүсэд оршин суудаг иргэд анхаараарай. Мөн хязгаарласан бүсэд механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглох учир суррон, цахилгаан скүүтер, мопедыг дээрх бүсэд хориглоно гэлээ.


Энэ өдөр нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд түр өөрчлөлт оруулах аж. Тодруулбал, Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн замаар дайран өнгөрч байгаа бүх чиглэлийн тээврийн хэрэгслүүдэд өөрчлөлт оруулна. Тухайлбал, урдаас хойш болон хойноос урагш явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Их тойруугийн замаар тойруулах, Сүхбаатарын талбай болон Бага тойруугаар орж эргэлт хийж буй тээврийн хэрэгслүүдийг богино эргэлт хийлгэх чиглэлээр өөрчлөхийг албаныхан хэллээ. Одоогийн байдлаар нийт 41 чиглэлийн 345 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар маршрутыг төлөвлөжээ. Маршрутад өөрчлөлт оруулах ч амралтын өдрөөр 945 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.


Өнөөдрийн байдлаар автомашингүй өдрийг тэмдэглэдэг 1500 хотод 100 орчим сая хүн оролцдог гэсэн тоон баримт бий. Манай улс уг өдрийг 12 дахь жилдээ зохион байгуулж буй юм. Дэлхийн автомашингүй өдөр есдүгээр сарын 22-нд тохиодог. Харин манай улсын хувьд энэ жил есдүгээр сарын 21-ний өдөр хийхээр төлөвлөсөн нь энэ. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах, бусад тээврийн хэрэгслээр явах, явган алхалтыг дэмжихэд оршдог байна.


Энэ жилийн онцлог нь Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлж буй “Eco Mobility” аяныг дэмжих зорилготой аж. Энэ өдөр төвийн байршилд авто замын хөдөлгөөнийг зогсоож, 20 худалдааны төвийг амраахаар төлөвлөсөн байна. Мөн Сүхбаатарын талбайд нэгдсэн үйл ажиллагаа болох юм. Тодруулбал урд хэсгээр нь спорт, урлагийн болон бусад үйл ажиллагааг зохион явуулна. Түүнчлэн зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх асрууд байршуулахаар төлөвлөжээ. 

Related news