ГОВЬ-АЛТАЙ: "Хантайшир экспо" ургацын баяраар 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Газар тариалан, жимс жимсгэнэ төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хантайшир экспо" ургацын баяр, үзэсгэлэн худалдааг Алтай суманд хоёр өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн ургацын баярт 18 сум, 2 тосгон, Ховд, Завхан аймгийн тариаланч, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож, 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан, 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн газар болон "Хан-Алтай ресурс" компани хамтран зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнд оролцогчдоос “Цагаан идээний шилдэг бүтээгдэхүүн", "Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн", "Хүнсний шилдэг бүтээгдэхүүн", "Экспортыг орлох шилдэг бүтээгдэхүүн", "Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн", "Үржлийн шилмэл мал" зэрэг төрлөөр шилдэг оролцогчдыг шалгаруулж шагналаа.