ГОВЬ-АЛТАЙ: 29 мандатын төлөө 63 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-09-26 16:34:10

Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 29 мандатын төлөө  МАН-29, Ардчилсан нам-29, Иргэний зориг, ногоон нам-1, ХҮН нам-3, бие даагч 1 нэр дэвшиж байна. 


Аймгийн Сонгуулийн хорооноос  аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т заасны дагуу өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа. 


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо бичиг баримтыг нягтлан шалгаад 4 намаас нэр дэвшүүлсэн 62, 1 бие даагч, нийт 63 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх шийдвэр гаргасан байна. 

   

Нийт нэр дэвшигчийн 14 нь буюу 22,2 хувь эмэгтэй, 49 нь буюу 77.8 хувь нь эрэгтэй нэр дэвшигч байна. Мөн энэ өдрөөс  аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу эхэлж байна. Нэр дэвшигчдийн менежер, шадар туслагч, ухуулагчид, ашиглах тээврийн хэрэгслийг цахим системд бүртгүүлэн үнэмлэхийг аймгийн сонгуулийн хорооноос олгох юм. 


Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн мэдээгээр сонгогчдын нэрсийн жагсаалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд 37508 сонгогч бүртгэгдсэн байна.

Related news