ГОВЬ-АЛТАЙ: Дэлгэр сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-06 16:45:56

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлт тус аймгийн Дэлгэр сумын төвөөс зүүн урагш 72 км, Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс баруун урагш 47 км, Хүрээмарал сумын төвөөс урд зүгт 48 км зайд аравдугаар сарын 6-нд Улаанбаатарын 16:13 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. 


Манай орны хувьд хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгддэг ч хөдөө орон нутагт барилга бага, суурьшил сийрэг тул харьцангуй хохирол бага аж.

Ташрамд, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.


Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг.

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг байна. 

Related news