Mongolia Mining-2024: Салбарын мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-10-09 14:10:11

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9. /МОНЦАМЭ/. Олон улсын "Mongolia Mining-2024" уул уурхайн үзэсгэлэн экспо “Буянт Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 


Өнөөдөр үзэсгэлэнгийн уулзалтаар олон улсын үнэлгээний CRIRSCO хорооны Монгол Улсын төлөөлөгч гишүүн, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ хорооны дарга П.Саранчимэг “Уул уурхайн төслийн үнэ цэнийг бодитой тооцсоноор уул уурхайн хөрөнгө оруулагчдын эрсдэлийг бууруулах нь” сэдвээр үндсэн илтгэлийг тавин хэлэлцүүлж байна. Мөн салбарын мэргэжлийн хэлэлцүүлэг уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээ, далд уурхайн үйл ажиллагаа зэрэг сэдвээр өрнөж буй юм.



Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны хэлтсийн дарга Г.Намчинсүрэн далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсруулж буй талаар, уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Б.Бат-Очир ТЭЗҮ боловсруулах, хүлээн авах журмын талаар тус тус танилцуулж байгаа бол “Мера Сервис” компанийн гүйцэтгэх захирал, мэргэшсэн инженер Б.Тэгшбуян өрөмдлөгийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх талаар илтгэл тавьж байна.




Өнөөдрийн онцлох үйл явдал нь Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл (УУМХЗ) болон Азийн Эдийн засгийн хөгжлийн нийгэмлэгийн Уул уурхайн мэргэжлийн холбоод санамж бичигт гарын үсэг зурах ёслол байлаа.

“Mongolia Mining-2024" уул уурхайн үзэсгэлэн экспо-гийн хүндэт зочид болон Монгол Улсад суугаа АНУ, Австрали болон бусад улсын Элчин сайд нар үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцав.





Related news