СҮХБААТАР: 14950 га талбай түймэрт өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-14 14:55:25

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-13-ны хооронд Сүхбаатар аймгийн хэмжээнд таван удаагийн хээрийн түймэр гарсныг бүрэн унтраагаад байна. Урьдчилсан байдлаар нийт 14950 га талбай түймэрт өртжээ. Түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна гэлээ.

 

Тодруулбал, Асгат, Мөнххаан, Уулбаян, Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарч, онцгой байдлын байгууллага, сумдын ЗДТГ, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хамтран 106 иргэн, 27 техник хэрэгсэлтэй ажиллажээ.

 

Намрын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг шүдэнз, асаагууртай явуулахгүй байхын зэрэгцээ шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийнхөө болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБГ-аас анхаарууллаа.


Related news