Тахийг эх нутагтаа нутагшуулсан нь монголчуудын байгаль хамгааллын салбарт олсон гайхалтай ололт

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2024-10-24 17:27:39

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаас хамтран гаргасан “Амьд ертөнцийн тайлан”-г танилцуулах уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.


Амьд ертөнцийн индекс нь манай гаргийн биологийн олон янз байдлын төлөвийг илтгэдэг үзүүлэлт юм. Энэхүү индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уг үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоосон байна. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш хоёр жил тутамд явуулсан ажиглалт, бүртгэл хийсэн зүйлсийн өгөгдлийг ашигладаг аж. Одоогоор, хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21 гаруй мянган популяцад гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг олгосон байна.                  

Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдтайгаар цөөрч, зарим нь устаж алга болжээ. Тухайлбал, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүйгээр буюу 1970-2020 оны хоорондох сүүлийн 50 жилийн хугацаанд судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ. Энэ нь зөвхөн судлагдсан амьтдын тоо юм. Гэтэл дэлхийд сайн судлагдаагүй, эмзэг байдалд орсон маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа аж.          


Биологийн ухааны доктор, профессор Р.Самъяа “Дэлхийн нийтийн хэмжээнд амьтан ургамлын ховордлыг тодорхойлдог нэгдсэн аргачлал буюу улаан дансны үнэлгээ гэж байдаг. Монгол орон энэхүү унэлгээгээр, ургамал, доод ургамал, гуурст ургамал, бүх сээр нуруут амьтдынхаа үнэлгээг хийсэн.

Одоогийн бидний мэдэж байгаагаар, манай орны нутаг дэвсгэрт устаж алга болсон амьтан байхгүй гэхэд болно. Нэг зүйлийн устаж алга болсон амьтан бол тахь юм. Өнгөрсөн зууны дундуур устаж алга болсон эл амьтныг манай улс эх нутагт нь нутагшуулж чадсан нь монголчуудын байгаль хамгааллын салбарт олж буй гайхалтай ололтын нэг юм.

Өнөөдөр бидэнд дэлхий нийтэд гайхуулах тоо баримт цөөнгүй. Дэлхий дээрх хулангийн 90 хувь, цагаан зээрийн 99 хувь, хар сүүлтийн 70 хувь, өөр бусад оронд байхгүй хавтгай, мазаалай гээд хүн төрөлхтнийг гайхашруулах олон тоо баримт бий. Гэсэн хэдий ч эдгээр тоон үзүүлэлтэд тайвширч болохгүй” гэлээ.


1986 онд хийсэн тооллогоор манай оронд 130 мянган халиун буга тоологдсон бол 2004 оны байдлаар 10 мянга болж, 18 жилийн хугацаанд 92 хувиар буурчээ. Энэ мэт гашуун тоо баримт уг уулзалтын үеэр цөөнгүй дурдагдсан ба Биологийн ухааны доктор, профессор Р.Самъяа "Зэрлэг амьтдын тоо толгой ийнхүү буурч байгаа нь хүний буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Гэхдээ бид нүдэнд харагдаж байгаа ан амьтдын тухайд голлон ярьдаг бол энгийн нүдээр харах боломжгүй биетүүдийн тухайд ч хөндөж авч үзэх шаардлагатай.


Өөрөөр хэлбэл, амьд систем оршин тогтноход онцын шаардлагагүй амь бие гэж огт үгүй. Тиймээс тэдгээрийн амьдрах орон зайг хамгаалахад анхаарах хэрэгтэй. Зарим ан амьтан ховордож байгаа атал заримынх тоо өсөж байдаг. Үлийн цагаан оготно бол бэлчээр доройтсон газарт олширдог. Энэ амьтан нь газрын анжис юм. Бид ямар амьтан цөөрч, олширч байгааг хүн төрөлхтөнд хэрэгтэй, эс хэрэгтэйгээс хамаарч явцуу эрх ашгийн үүднээс тайлбарладаг. Эко системийн эргэлтэд бүх ан амьтан оролцдог бөгөөд бүгд ашиг тустай. Товчдоо бол, уур амьсгалын өөрчлөлтийг хүн бүр мэдэрдэг бол байгалийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад бид анхаарал хандуулахгүй байна. Биологийн олон янз байдлын хомсдол нь хүн төрөлхтний ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөөс дутахааргүй сөрөг нөлөө үзүүлж мэдэхээр байна” гэсэн тайлбарыг өгөв.

 

Олон арван жилийн турш хүн төрөлхтөн байгалийн нөөцийг өөрийнх нь нөхөн төлжих хурдаас илүү хурдаар ашиглаж ирсэн. Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг гэж энэ үеэр ярьж байв.   


      

 

Related news