“Хангайн бүсийн ойжуулалт” туршлага судлах аяллыг амжилттай зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон “Оюутолгой” компанийн хамтран зохион байгуулсан “Хангайн бүсийн ойжуулалт” туршлага судлах аялал амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү аяллыг “Оюутолгой” компанийн “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд аялалд 21 аймгийн 40 гаруй Сум дундын ойн ангиудын 90 гаруй мэргэжилтэн, инженерүүд оролцож, ойжуулалтын технологи болон нөхөн сэргээлтийн арга барилуудыг судалснаараа онцлогтой.
Оролцогчид
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд байрлах Монгол- Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл болон “Бугант Нандин” компанийн мод үржүүлгийн талбайгаас
аяллаа эхлүүлж, ойжуулалтын онцлог, технологийн дэвшилтэт шийдлүүд болон
менежментийн арга барилтай танилцсан юм. “Бугант Нандин” компани “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон жилийн
туршлагатайгаар мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж, уул уурхайн нөхөн сэргээлт
болон Монгол Улсын ногоон байгууламжийн хөгжүүлэлтэд томоохон хувь нэмэр оруулж
буй хамт олон аж.
Аяллын хоёр дахь өдөр оролцогчид “Бугант Нандин” компанийн мод үржүүлэг хийж буй гурван талбайг үзэж сонирхон, цааш аяллаа Шаамар сумын нутагт байрлах “Агрофорест”, “Ой Баясах”, “Мандан баясах” компанийн мод үржүүлгийн талбайтай танилцан, мэргэжилтнүүдийн туршлагыг судалж, нэвтрүүлж буй шинэлэг технологиудыг газар дээр нь үзэж сонирхов. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших “Тужийн нарс” байгалийн цогцолборт газар болон газар тариалангийн ургамлын аж ахуйн чиглэлээр суурь болон хавсарга судалгаа, туршилт явуулдаг ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээр зочилж, туршлага судаллаа.
Энэхүү туршлага судлах аялал нь ойжуулалт, ногоон байгууламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжлийн туршлага солилцох, байгаль хамгааллын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.