Барилга угсралт, их засварын ажлын 54.9 хувийг орон нутагт гүйцэтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-11-11 11:54:20

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 6.4 их наяд төгрөг болжээ. Тухайлбал:

  • 6 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага,
  • 435.8 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ.

Барилга угсралт, их засварын ажил оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2023 оны мөн үеэс 683.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 466.3 тэрбум төгрөгөөр нөлөөлсөн. Харин дотоодын барилгын байгууллагаас хувийн хэвшилийн гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 5.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 490.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Эхний 9 сард:

  • барилга угсралт, их засварын ажил 37.4 хувийг
  • орон сууцны барилга, 31.8 хувийг
  • орон сууцны бус барилга, 27.6 хувийг
  • инженерийн барилга, байгууламж 3.2 хувийг эзэлжээ.

Орон сууцны бус барилгын ажил оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 169.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Эдгээрээс бусад:

  • орон сууцны бус барилгын ажил 166.1 тэрбум төгрөгөөр,
  • худалдаа, үйлчилгээний барилгынх 61.6 тэрбум төгрөгөөр,
  • эмнэлгийн барилгынх 3.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Харин:
  • үйлдвэрийн барилгын ажил 49.6 тэрбум төгрөгөөр,
  • сургууль, соёлын барилгынх 12.0 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлийг аймгаар авч үзэхэд:

  • Өмнөговь 907.4 тэрбум төгрөг,
  • Дархан-Уул т322.1 тэрбум төгрөг,
  • Хэнтий 274.6 тэрбум,
  • Дорноговь 240.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь орон нутгийн барилга угсралт, их засварын ажлын 54.9 хувийг эзэлж байна.

Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт:

  • Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил,төмөр зам болон автозамын ажлууд,

Дархан-Уулаймагт:

  • зам засвар өргөтгөлийн ажил, орон сууцны барилгын ажлууд,

Хэнтий аймагт:

  •  хөдөө аж ахуйн цогцолбор барилгын ажил эрчимтэй явагджээ.

Улаанбаатар хотод оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн нь улсын дүнд 47.0 хувийг эзэлж, 2023 оны мөн үеэс 0.5 нэгж хувиар буурчээ.


Барилга угсралт, их засвар гэж барилга байшин барих болон инженерийн зориулалтаар зам, гүүр, далан зэрэг инженерийн бусад байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно.

Орон сууцны барилга нь хамгийн багадаа түүний тал хэсгийг нь орон сууцны зориулалтаар ашигладаг байгууламж юм.

Орон сууцны бус барилгад барилгын багахан хэсгийг (нийт талбайн 50 хувиас бага хэсэг) орон сууцны зориулалтаар ашигладаг барилгыг оруулна.

Инженерийн барилгын ажилд төмөр зам, зам, гүүр, хурдны зам, онгоцны буудлын талбай, ус хангамж, бохирын шугам, далан хаалт, усжуулалтын байгууламж зэрэг барилга угсралтад ангилагддаггүй барилга байгууламжийн бүх ажлыг оруулна Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийжээ.

Related news