ДАРХАН-УУЛ: Хоёр жилийн хугацаанд 915916 ширхэг мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-12 14:31:37

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод", аймгийн засаг даргын санаачилсан "Ногоон Дархан-2032" үндэсний хөдөлгөөний хүрээнд арван жилийн хугацаанд 20 сая мод тарьж ургуулахаар болсон. Өнгөрсөн хугацаанд буюу 2022 оноос аймгийн хэмжээнд 915916 ширхэг мод, модлог ургамал тарьж ургуулсан гэж аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Тарьсан модны ургалтын тухайд 85 хувьтай байгаа бөгөөд хашаалсан орчинд, усалгаа, арчлалт хамгаалалтыг иргэн, ААНБ-ууд тогтмол хийж байна гэв.


Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн 27 иргэн, ААНБ-д 2.5 сая тарьц, суулгац байгаа судалгаа гарчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад 87 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Жилд тарих модны тарьц, суулгацыг Дархан-Уул аймаг дотооддоо бүрэн ханган ажиллаж байна.


Хараа голын эрэг дагуу мод тарих хүсэлтэй иргэн, ААНБ-уудад зөвшөөрөл олгож байна. Ингэхдээ тухайн хүсэлт өгсөн иргэн, ААНБ-д эзэмшүүлж, өмчлүүлээгүй бөгөөд хамтран ажиллах гэрээний хүрээнд тухайн газрын ашиглан ойжуулалт хийх, мод тарих ажлын гэрээ байгуулан ажиллаж байна.


"Ногоон Дархан-2032" хөтөлбөр гурван зорилт, 16 арга хэмжээтэй.

Нэгдүгээрт өмнө бий болсон ногоон байгууламжийг арчилж, хамгаалах, хоёрдугаарт шинээр ногоон байгууламжууд бий болгох, ойжуулалт, ойн зурвас байгуулах, гуравдугаарт иргэн, ААНБ-ын оролцоотой тодорхой заасан талбайд мод тарих гэсэн гурван зорилттой гэж аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Батбаяр онцолж байна.


Дээрх зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудтай хамтран ажиллаж, мод тарих ажлыг жил бүрийн тав, аравдугаар сард зохион байгуулж байна.




Related news