ӨМНӨГОВЬ: Говийн үзэсгэлэнт баянбүрд Хонгорын элс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-03 10:24:29

Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хонгорын элс нь Сэврэй, Зөөлөн уулын ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжилсэн 925 ам дөрвөлжин км талбайг эзэлдэг.


Монгол улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогддог. Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн шургуул, Тал гашуун, Адаг гашуун, Талын цүнхэл, Хоохорын тээг, Хун нуурын шал, Харын боом, Шар хулсан зэрэг хиаг, хулс, ширэг, заг, сондуул, хужир бүхий сонин тогтоцтой хонхор хотгор газар олон бий.


Элсэн манхан нь ёроолоосоо дээд оргил хүртэл 10-195 метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг. Үүний тод жишээ нь Хонгорын голын дуут манхан юм. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхгүүд хийсч сарнин цахилгаанжаад түүний эерэг, сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс иинхүү чимээ гардаг байна.


Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож, урин дулааны цагт ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж, адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чуулах нь гадаад, дотоодын аялагчдын нүдийг хужирладаг. Тус баянбүрдийг 2010 онд "Монгол улсын есөн гайхамшиг”-ийн нэгээр тодруулжээ.


Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад хүрч Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй км урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээдэг.


Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ.

 

Related news