БУЛГАН: Гэрийн багшийн шавь нар цээж тооллын тэмцээнд өрсөлдөхөөр Дели хотыг зорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Олон улсын цээж тооллын тэмцээн 12 дугаар сарын 14-15 өдрүүдэд Энэтхэг Улсын Дели хотод болно.
Монгол Улсаас шилдэг тэргүүний баг оюуны тамирчид оролцож буй бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тoya академийн сургагч багш Б.Оюунцэцэгийн шавь Батжаргалын Номинзаяа, Төрболдын Хишигтбуян, Сэдэдийн Энэрэл нар өчигдөр шинэ Дели хотыг зорин нислээ.
Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс Сампингийн төрөлд шагналт байрт шалгарсан авьяаслаг соробанчин хүүхдүүд Энэтхэг улсад зохион байгуулах цээж тооллын олон улсын тэмцээнд оролцох эрхээ 2024 оны 6-р сарын 25-ны өдөр “Соробаны баяр”-ын үйл ажиллагаан дээр гардан авсан байна.
Цээж тооллын үндэсний аваргууд Вьетнам, Энэтхэг улсаар 8 хоног аялаад тэмцээндээ оролцоод ирэх аж.
Б.Оюунцэцэг багш 2020 оны 10 дугаар сараас Хутаг-Өндөр суманд Тoya акдемийн салбар сургалтын төвийг нээж гэрээр соробан сампингийн дугуйлан хичээллүүлж эхэлжээ.
Энэ хугацаанд 150 гаруй хүүхэд суралцаж, дэлхийн аварга 1, олон улсын алтан цомын эзэн 1, олон улсын уралдаанд 3-р байр 5, Монгол улсын аварга 1, Монгол улсын үндэсний аваргаас алт-4 мөнгөн медаль-6 авч, нийт хүүхдийн 40 хувь нь цээж тооллоор хичээллэн уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна.
Одоогоор Б.Оюунцэцэг багш 12 сурагчтай өдрийн 2 ээлжинд хувааж авдаг цөөн хүүхэдтэй тулж ажиллах нь багшийн сургалтын үр дүн өгөөжтэй байдаг төдийгүй хүүхдүүд гэрт ирж суралцахдаа илүү дуртай хоол, цайгаа идэж уугаад сургалтын орчноос өөр газар тухтай, чөлөөтэй сэтгэж төвлөрч чадаж буйг бахархан ярьж байна.
Хутаг-Өндөр сумын соробанчин хүүхдүүдийн амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр байна. Саяхан Toya cup-2024 соробаны аварга шалгаруулах тэмцээнд 15 аймаг, 6 дүүргийн 800 гаруй хүүхэд оролцож, Одгэрэл багштай 5а ангийн сурагч Ө.Ерөөлт, Амаржаргал багштай 4а ангийн сурагч Ц.Шинэмөрөн нар алтан медаль, Ариунсэлэнгэ багштай 4б ангийн сурагч Д.Эзэнмөнх, Амаржаргал багштай 4а ангийн сурагч Г.Цэлмүүн нар мөнгөн медаль хүртсэн байна.