Европын Төв банк бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа буурууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /DW/. Өчигдөр болсон Европын Төв банкны /ЕТБ/ захирлуудын зөвлөлийн хуралдаанаар еврогийн бүсийн гурван үндсэн бодлогын хүүг 0,25 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргажээ.
Ингэснээр 12 дугаар сарын 18-наас
эхлэн хадгаламжийн хүү 3 хувь, дахин санхүүжилтийн үндсэн операцийн хүү 3,15
хувь, маржинал зээлийн хүү 3,4 хувь болж байна.
Еврогийн бүсэд инфляцийн өсөлт удааширч буй энэ үед ЕТБ мөнгө-зээлийн
бодлогоо 6 дугаар сараас зөөлрүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойш дөрөв дэх удаагаа суурь хүүгээ бууруулж байгаа нь энэ юм.
Тус банк инфляцийг 2 хувьд барих
зорилт тавиад байгаа юм. Урьдчилсан тооцооллоор, энэ оны эцэст инфляц 2,4
хувьтай гарах төлөвтэй байна.
Харин Герман улсад 10 дугаар сард инфляц оны дүнгээр 2 хувьтай байсан бол 8 дугаар
сард 1,9 хувь, 9 дүгээр сард 1,6 хувь байжээ.
Энэ оны 6 дугаар сард тус банк
2019 оноос хойш анх удаагаа еврогийн бүсийн бодлогын хүүг 4,5 хувиас 4,25 хувь
болгож бууруулсан билээ. Энэ нь Орос-Украины дайны улмаас эрчим хүчний хямрал дэгдсэн тэр үеэс хойш анх удаа
бодлогын хүүг бууруулсан тохиолдол юм. Дараа нь есдүгээр ба аравдугаар саруудад
дахин хоёр удаа бууруулжээ.