Унгар улс 1 тэрбум еврогийн тусламж авах боломжийг алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-02 11:18:10

БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 2 /DW/. Унгар улс хууль дээдлэх ёсыг зөрчсөн учраас Европын Холбооноос /ЕХ/ 1 тэрбум еврогийн /1.03 тэрбум ам.доллар/ тусламж авах эрхээ алдсан гэж Европын Комисс лхагва гарагт мэдэгджээ.


ЕХ-ны зүгээс, ашиг сонирхлын зөрчил ба авлигатай тэмцэхийн тулд хууль тогтоомжуудаа өөрчлөх шаардлагыг тус улсад тавьж байсан юм. Тодруулбал, Будапешт 2024 оны эцэс гэхэд шинэчлэлийг хийж дуусгасан байх ёстой, эс бөгөөс холбогдох хугацаа дуусгавар болно гэж мэдэгдэж байжээ.


2022 онд ЕХ төрийн худалдан авах ажиллагааны дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр Унгарын эсрэг “нөхцөл болзолтой” ажиллагааг эхлүүлж байжээ. Тухайн үед хяналт, ил тод байдал дутмаг байна гэж ЕХ шүүмжилж байв. Улмаар Унгар улс ЕХ-ны стандарт, суурь үнэт зүйлсийг үл тоомсорлосныг сануулаад, шаардлагатай шинэчлэлүүдийг хийхийг үүрэг болгосон байна. Үүний дараа Унгарын тал шинэчлэл хийхийг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр зарим санг нээх боломжтой болсон боловч 19 тэрбум еврог царцаасан хэвээр байв. 


Унгарын үндсэрхэг үзэлт Ерөнхий сайд Виктор Орбан 2010 оноос хойш улс орноо тасралтгүй удирдах хугацаандаа эрх мэдлээ бэхжүүлсээр ирсэн бол түүний хамтран зүтгэгч зарим хүн асар ихээр хөрөнгөжсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын ЕХ дахь улс төрийн хамгийн ойрын түнш В.Орбан өмнө нь “өөрсдийн мөнгө”-ийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байжээ.


Европын Комисс өнгөрсөн долоодугаар сард нийтэлсэн тайландаа, Унгар улс ЕХ-ны ардчиллын хэм хэмжээг хангаагүй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн авлига, улс төрийн санхүүжилт, ашиг сонирхлын зөрчил, хэвлэл мэдээллийн хараат бус байдалтай холбоотой алдаа дутагдлууд байгааг онцлон сануулж байв. Мөн 2018 оны есдүгээр сараас хойш хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчсөн гишүүн орнуудад тавих хоригт Унгар багтаж байжээ.

 




Related news