Л.Төр-Од: Татварын багц хуулийг шинэчилснээр далд эдийн засгийг ил болгох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-01-31 16:01:20

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Манай улсын нийт татварын орлогын 30 хувийг ТОП 100 аж ахуйн нэгж дангаараа, бүрдүүлж байна. 


Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буй одоогийн татварын хууль тогтоомжийг шинэчилснээр далд эдийн засгийг ил болгох боломжтойг Татварын багц хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэмдэглэлээ.


Тэрбээр, "Татвар төлөгчдийн гол асуудал нь татварын босго өндөр, тэгш бус төлөлт, НӨАТ-ын хувь хэмжээ юм. Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь хүртэл багасгах, эргэн төлөлтийг шаталсан байдлаар буцаах боломжтой. Түүнчлэн, цар тахлын дараах үеэс далд эдийн засаг нэмэгдэх төлөвтэй байгаа тухай судалгаа гарсан. Иймд татварын багц хуулийг шинэчилснээр ДНБ-ий 5 хувиас багагүй орлого далд эдийн засгийн нөлөөгөөр төлөгдөхгүй байгааг ил болгож, алдаж байгаа орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн, томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой" гэсэн юм.


Тус хэлэлцүүлэг өнөөдөр “Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам” сэдвээр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, ажлын хэсэгт хүргүүлж, хуульд тусгах аж.


МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд ДНБ-ий 90 хувийг үйлдвэрлэн, 1 сая хүнийг ажлын байраар хангаж байна.

Related news