Хүйсээ солиулах мэс заслыг хүүхдүүдэд хийхийг Аргентинд хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-02-06 10:27:32

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны хоёрдугаар сарын 6 /TASS/. Аргентины эрх баригчид насанд хүрээгүй хүүхдүүдэд хүйсээ солиулах мэс засал хийхийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн үзэж хориглосон тухай тус улсын Ерөнхийлөгч Хавьер Милейгийн ажлын алба мэдээлжээ.


"Ерөнхийлөгч Хавьер Милей насанд хүрээгүй хүүхдүүдэд хүйс солиулах мэс засал, эмчилгээ хийхийг хориглохоор шийдвэрлэлээ. Хүйсийн тухай үзлийг хэт туйлшруулж, хүчирхийлэл болон сэтгэл зүйн дарамтаар хүүхдүүдэд хэрэглэж байгаа нь үнэн хэрэгтээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл мөн" гэж мэдэгдэлд дурдсан байна. 


"Эрүүл эрхтэнд нь гэмтэл учруулж, үргүйдэл, зүрх судасны өвчлөлд хүргэж, улмаар сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол учруулж болзошгүй мэс ажилбарын талаар насанд хүрээгүй хүүхдүүд бие даан шийдвэр гаргах чадваргүй байдаг. Тийм ч учраас хүүхдийн хүйс солих талаар анхдагч болох Их Британи, Швед, Финландад, сүүлийн үед АНУ зэрэг улсад энэ бодлогоо цуцалж, насанд хүрээгүй хүүхдүүдийг мэс ажилбарт оруулахыг хориглож байна" гэж ажлын албаны мэдэгдэлд дурджээ.


Аргентины Ерөнхийлөгч мөн хоригдлуудыг "гэмт хэрэг үйлдэх үед бүртгэгдсэн хүйсийнх нь дагуу" шоронд хуваарилахаар шийдвэрлэжээ. Хүйсээ өөрчилсөн гэх нэрийдлээр хорих ангиас шилжүүлэх хүсэлт гаргадаг явдлыг зогсоох үүднээс ийм шийдвэр гаргасан байна.

Related news