ОРХОН: “Хотын дарга нар”-ын холбоог дахин сэргээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутаг дэвсгэр дээр анх Эрдэнэт хот нэртэйгээр 1976 онд байгуулагдсан Орхон аймаг 49 дэх жилтэйгээ золгож байна.
1994 онд Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант сумтайгаар өөрчлөн байгуулагдсан. Аймгийн төв нь Эрдэнэт хот Улаанбаатар хотоос 381 километр зайтай. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт” хороо нэртэйгээр анх байгуулагдсан юм. Хүн амын өсөлтийн хурдыг харгалзан 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болон хөгжиж эхэлсэн.
Анх 1655 өрхийн 7.8 мянган хүн амтайгаар байгуулагдаж байсан бол эдүгээ 120 000 орчим хүн амтай болтлоо өргөжин тэлээд байна. Одоо 6 бичил хороололтой, дэд бүтэц хөгжсөн аж үйлдвэрийн томоохон хот болсон тул Эрдэнэт хотын түүхэнд аймаг орон нутгийг удирдаж байсан үе үеийн удирдлагуудын уулзалтыг зохион байгууллаа. 49 жилийн энэ хугацаанд Эрдэнэт хотыг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн удирдаж байсан 20 шахам аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын дарга нар уулзалтад ирсэн байна. Тэд аймаг, сумынхаа хөгжилд өөрсдийн зүгээс оруулах хувь нэмэр, хийж хэрэгжүүлэх ажил, орон нутагт хийж буй ажилд санал бодлоо солилцлоо.
Уулзалтаар анх 1995 онд байгуулж
байсан “Хотын дарга нар”-ын холбоогоо дахин сэргээн үйл ажиллагааг жигдрүүлэн
улирал бүр одоогийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй удирдлагуудад бодлого шийдвэрт нь зөвлөдөг байх,
хотын хөгжилдөө оролцоотой байхаар ярилцсан. Тус холбоонд 50 шахам аймгийн үе
үеийн удирдлагууд гишүүнээр байдаг бөгөөд энэ оноос үйл ажиллагаагаа
эрчимжүүлэхээр боллоо.