УВС: Холбооны газрыг гурван орон тоотойгоор “Утсан холбоо” нэртэйгээр анх байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 20
/МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойг угтан Музейн хамт олон түүхэн үйл
явдлын гэрэл зургуудыг цахим хуудаст нийтэлж байна. Дээрх зураг 1968 онд аймгийн Холбооны барилга ашиглалтад орох үеийнх юм.
Увс аймгийн
холбооны газар 1925 онд
гурван орон тоотойгоор
“Утсан холбоо” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Тэр
үед дан утастай ган шугамаар Завхан аймгаар дамжин Улаанбаатартай морзын
аппаратаар харилцаж байсан гэдэг.
1934 онд Улаангомд телефон утас тавьж албан газруудыг холбоотой болгосон байна. 1942 онд аймгийн төвд радио станц суурилуулж, Улаанбаатараас радио өргөн нэвтрүүлэг хүлээн авч иргэдэд сонсгож эхэлжээ.
Холбооны байгууллага өргөжин хөгжиж, шинэ техник тоног төхөөрөмж тавих үед ЗХУ-ын К.Тараваев, Ф.Скорварткин, Н.Морозов нар 1935-1945 онд ажиллаж, морзист, монтер, техникч, моторчин зэрэг холбооны мэргэжилтнийг бэлтгэхэд тусалж байсан түүхтэй. 1979 онд Улаангом хот болон бүх суманд телевизийн станц тавигдаж, Оросын төв телевизийн нэвтрүүлэг үзэж эхэлжээ. 1986 онд Монголын үндэсний нэвтрүүлгийг аймгийн төвд бичлэгээр үздэг РЦТА станц тавигдсан байна.
Аймгийн холбооны газар 1991 оноос
170 ажилчинтай,
20 сум багт холбооны салбар, Улаангом хотод 13 тасагтайгаар үйлчилгээ явуулж, жилд 204,2 мянган минутын гарах яриа явуулж, 7,1 мянган цахилгаан дамжуулж, 4,8
мянган телевизор, 3,3 мянган радио цэг, 936 телефон цэгээр үйлчилж, 36,3 сая
төгрөгийн орлоготой ажилладаг улсын үйлдвэрийн газар байжээ.