Номын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-26 12:35:26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан жил бүр "Номын баяр" тэмдэглэж байх тухай зарлигийн дагуу Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан БСГ-тай хамтран "Номын баяр-Бидний баяр" нэрийн дор уг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээг номын санчид, тэргүүний уншигч хүүхдүүд, Монгол хэлний багш нар, Сургуулийн удирдах ажилтнууд гэх мэт өргөн бүрэлдэхүүнтэй тэмдэглэсээр уламжлал болоод байна.

Энэ удаагийн Номын баяр- Бидний баяр чуулганд Сүхбаатар аймгийн бүх сум сургуулиас 16 баг, нийт 100 гаруй хүн хүрэлцэн ирж оролцжээ. Номын санч нарын илтгэлийн уралдаан, Монгол хэлний багш нарын цахим хичээл, дүрийн тоглолт, асуулт хариулт, Номын санч нарын ур чадварын тэмцээн, Монгол хэлний багш нарын сайн туршлага, гэрийн даалгавар, удирдах ажилтнуудын тест зэрэг төрлүүдээр өрсөлдөн шилдэгүүдээ тодруулсан байна.

Мөн жил бүрийн Номын баяраа угтан нутгийн зохиолчийн бүтээлийг сонгон нийтээрээ судалдаг бөгөөд энэ нь хүүхэд залуус нутгийн зохиолчоо таних, нутгийн түүх, ёс заншлыг мэдэх зэрэг маш өргөн ач холбогдолтой байдаг. Энэ жил СГЗ, Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо-гийн "Шилийн богд" романыг өнгөрсөн 4-р сараас эхлэн аймаг сумаараа уншиж судалсан бөгөөд аймгийн хэмжээн дэх бүх номын сангууд уг номоор 3-аас дээш хувь хангагдсан нь мөн энэ ажлын гол үр дүн байлаа. Чуулганы үеэр баг бүр Шилийн богд романаар дүрийн тоглолт хийн үзүүлсэн нь тухайн зохиолыг хэр уншиж судалсаныг нь мэдэхийн зэрэгцээ үзэгч оролцогч хүүхдүүдэд зохиолоо ахин сэргээх боломжийг олгодог юм.

Номын баярыг тэмдэглэх өнгөрүүлэх цар хүрээ, оролцогчдын хандах хандлага, идэвх жилээс жилд өргөжин тэлж байгааг аймгийн Нийтийн номын сангийн захирал М.Энэбиш онцолж байсан юм.

Багууд 6 төрлөөр шилдгүүдээ тодруулан шагнал гардуулсан бөгөөд ерөнхий дүнгээр Уулбаян сум 1-р байр, Наран сум 2-р байр, Дарьганга сум 3-р байр тус тус эзэлжээ.

Т. Одончимэг

Related news