У. Бямбасүрэн:Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа зохих арга хэмжээг авах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-03 09:56:06

Сүхбаатар аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн тус аймагт хүрэлцэн ирлээ.

Тэрээр “Өнөөдөр Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах гэсэн үйл явцтай холбогдуулаад ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын албан ёсны байр суурийг холбогдох хүмүүст танилцуулж, албан тоотыг тухайн хүмүүст хүргэж өгсөн. Үүн дээр бид тодорхой гурван үндэслэлийг хэлж байна. Нэгдүгээрт: Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т ИТХ-ын анхдугаар хуралдаан бол сонгуулийн санал  хураалт явагдсанаас хойш 20 хоногийн дотор хуралдах ёстой. Ингэхдээ бүрэн эрх нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Үүний дагуу Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зарлан хуралдуулж ИТХ-д олонхын санал авсан 33 нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр анхдугаар хуралдаан хуульд заасан хугацаанд хуралдсан учраас дахин анхдугаар хуралдаан зарлана гэдэг нь хуульд нийцэхгүй байгаа юм. Хоёрдугаарт: Анхдугаар хуралдаантай холбоотой маргаан үүссэн. Энэ маргаан захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа үед, ямарваа нэг хуралдаан зарлаж, шийдвэр гаргах үндэслэл байхгүй. Гуравдугаарт: Энэ удаагийн хуралдааныг зарлаж байгаа албан тоот нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэггүй байгаа нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа хэрэг юм.

Хэдийгээр  хуралдааныг зарласан албан бичгийг Сүхбаатар аймгийн ИТХ-ын албан бичгийн хэвлэмэл хуудас дээр бичсэн боловч бүрэн эрхийн хугацаа нь дуусч ИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн эрх бүхий албан тушаалтан биш этгээд зурсан байгаа учир бас хууль бус харагдаж байгаа юм. Тиймээс ингэж аймгийн ИТХ-ыг хууль бусаар зарлаж байгаа нь хууль тогтоомжинд нийцэхгүй байгааг та бүхэн анхаарах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр эцэслээд гарсны дараа хууль журмын дагуу зохих арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, бид аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүх болон АН-ын бүлэг, АН-ын дарга Ж.Батсуурь дарга нарт дээрх албан тоотыг өгсөн. Эдгээр хүмүүс ч хүлээн авлаа гэдгээ мэдэгдсэн” гэлээ.

Тэд хамгийн гол нь хууль зөрчигдөх нөхцөл байдал үүсч байна шүү гэдгийг анхааруулж, холбогдох хүмүүст хэлж зөвлөхөөр ирсэн байна.

Т. Одончимэг

 

Related news