Н.Учрал: Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-04 14:24:09

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.


Энэхүү хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл, ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагавар зэрэг 28 асуудлыг хэлэлцсэн юм. Тэгвэл хурлаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.


Тэрбээр “Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд ямар эрх, үүрэг хүлээх вэ гэдэг нь гэрээнд тодорхой заалтуудыг тусгасан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс нэлээд хэд нь урагшилсныг та бүхэн мэднэ. Энэ Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд зөвхөн мега төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна салбаруудад эрхзүйн реформ хийх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн хуралдаанаар 30 жил хүлээсэн Нийгмийн даатгалын реформыг эхлүүлэхээр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг эхлүүлсэн бол Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийг Л.Энх-Амгалан сайд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгалаа. Мөн Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлд эрхзүйн орчныг сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар ажилласан. ХҮН намын дарга Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан бол өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэдээллүүдийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Үүнээс гадна Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг байгуулсантай холбоотой Хууль зүй,  дотоод хэргийн сайд Гэр бүлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.


Мөн Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах ил тод байлгах чиглэлээр ажилласан. Жишээ нь, төрийн мэдэлд байдаг төрийн өмчит компаниуд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө 1400, 1500 хүнтэй атал хувийн компаниуд 200 хүнтэй үйл ажиллагаа явуулаад байхад бүтээмж нь яагаад хувийн хэвшилд өндөр байна вэ. Энэ агуулгыг өөрчлөхийн тулд менежментийг өөрчилснөөр захиргаадалтын аргыг өөрчилж компани бүрт ТУЗ байгуулах ажлыг шат дараатай хийж байна. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд Зам тээврийн яаманд хоёр төмөр зам нээгдсэнээр орон тооны хувьд багасаж, бүтээмж нэмэгдсэн. Уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол”-д нэгдсэнээр засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллана. Харин салбарын яамдууд бодлогуудаа хэрэгжүүлээд явна. Уул уурхайн компаниуд менежментийн хувьд буюу бүтээмж, засаглал, ил тод байдлын хувьд нэгдэл дээр харьяалагддаг болохос биш Аж үйлдвэр эрдэс баялгийн яам бодлогыг авч явдаг. Энэ бол олон улсын сайн жишиг. Энэ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлаар өнөөдөр үүрэг өгөөд УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.


Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль, 14 хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль буюу өмчийг эзэнтэй болгох үүнд нь газрын хэвлийн баялгийг хамааруулах чиглэлээр хийж байгаа шинэчлэл уялдаж, батлагдах ёстой гэдэг чиглэлийг өглөө. Үүний дараа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захиргааны орон тоог бууруулах, ТУЗ-ийг бууруулах, бүтээмжийг сайжруулах, шаардлагагүй компанийг татан буулгах, хувийн хэвшилд шилжүүлэх ажил хийнэ. Хуульгүйгээр бүх ажил явахгүй. Төрийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна” хэмээн ярилаа.

 

Related news