Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-26 16:35:43

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг сонгов.


Ц.Сандаг-Очир нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Багануур дүүргийн 66 дугаар дунд сургууль, 2000 онд Тэнгэр дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Философич, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2018 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.

Тэрбээр 2000-2004 онд нийслэлийн Багануур дүүргийн ЗДТГ-ын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2005-2008 онд тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008-2012 он, 2016-2020 онд Багануур дүүргийн Засаг даргаар 2 удаа сонгогдон, нийт найман жил ажилласан. 2013 оноос одоог хүртэл Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж буй. Тэрбээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож ажилласан юм. 2020, 2024  онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн аж. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад 60.8 хувь дэмжив. 

Related news